Цагдаагийн хувцасны загварыг бусад улсын хувцастай харьцуулж гаргажээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцсыг шинэчилсэн. Эхний ээлжинд Хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газрын алба хаагчид шинэ дүрэмт хувцсандаа ороод байгаа юм.
Цагдаагийн алба хаагчид шинэ дүрэмт хувцсаа өмссөн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээр цагдаагийн шинэ дүрэмт хувцсыг хамгаалагч шиг, ууланд явах гэж байгаа аялагчид шиг гэх мэтчилэн шүүмжилж байгаа юм. Тэгвэл цагдаагийн байгууллагын зүгээс цагдаагийн алба хаагчид загвар өмсөгч биш, өөрт нь тохирсон, биед таарсан хувцсаа өмсөж ажлаа хийх нь илүү чухал. Хуучин дүрэмт хувцас нь нялонон материалаар хийгдсэн, хог шороо их татдаг, хүнд материалтай байсан бол шинэ дүрэмт хувцас нь сүүлийн үеийн материалаар хийгдсэн, хөнгөн, биед эвтэйхэн гээд олон давуу талтай гэж тайлбарлаж байгаа юм.
Цагдаа нэрэнд харьяалагддаг бүх албан хаагчид энэхүү шинэ дүрэмт хувцсыг өмсөнө. Замын цагдаагийн, хэв журмын гэж ангилахгүй бүгд нэг ижил дүрэмт хувцас өмсөх юм байна. Шинэ дүрэмт хувцсыг Турк улсад үйлдвэрлэжээ. Учир нь дотоодын үйлдвэрлэгчид өндөр үнэтэй, богино хугацаанд гаргах боломжгүй байсан байна. Харин Турк улс богино хугацаанд, дотоодын үйлдвэрлэгчдээс хямд үнээр гаргаж өгөх санал тавьсан учир ийнхүү Турк улсад үйлдвэрлэжээ. Харин загварыг ЦЕГ, ШУТИС-ийн их сургуулийн Хувцас судлалын төв хамтарч гаргасан байна.
Цагдаагийн алба хаагчдын хувцас түүхэндээ 12 удаа шинэчлэгдэж байжээ. Анх 1921-1930 онд Үндэсний хэв загвартай хувцас өмсөж байсан бол 1930 оноос эхлэн Европ маягийн буюу ОХУ-ын цэрэг цагдаагийн загвартай хувцас өмсөж эхэлсэн байна. Дараа нь 1936, 1944-1945 онд шинэчлэгдэж таних тэмдэгээ мөрдсөн дээрээ зүүж эхэлсэн бол түүнээс хойш 1951, 1962, 1970, 1977, 1984, 1988, 1992 онд шинэчлэгдэж, 22 жилийн дараа дахин шинэчлэгдэж байгаа нь энэ юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ