Б.Билэгт Х.Тэмүүжингийн өгсөн цолоос татгалзжээ

Цагдаагийн албаны хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор цагдаагийн алба хаагчдын цол хэргэмд өөрчлөлт оруулсан юм. Хуульд нийцүүлэн цагдаагийн алба хаагчдын шинэ цолыг өчигдрөөс олгож эхлээд байна. Хууль зүйн сайдын тушаалаар өчигдөр ЦЕГ-ын удирдах бүрэлдэхүүнд шинэ цол хэргэмийг нь гардуулан өглөө. Цагдаагийн Тэргүүн комиссар цолоор ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг шагнасан байна.
Цагдаагийн байгууллагад хийж буй өөрчлөлттэй холбоотойгоор Хууль зүйн сайдтайгаа таарамж муутай байгаа тэрбээр цол гардуулах ёслолд ирээгүй аж. Ямар шалтгаантайг нь цагдаагийнхан мэдэхгүй гэж байсан. Цагдаагийн дэд комиссар цолоор ЦЕГ-ын дэд дарга Д.Баатаржав, Н.Амарзаяа, Ж.Ганбаатар, туслах комиссар цолоор ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга П.Энхтогтох, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Амгалан, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Д.Батжаргал нарыг шагнажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ