“Хурд” компанийн гар хөл хаа хүртэл урт вэ

Өнгөрсөн даваа гаригт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” компанийн баригдаж буй барилгад хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, тус барилгад ажиллаж байсан залуугийн дээрээс краны тулгуур төмөр унаж газар дээрээ нас барсан юм.
Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тус барилгын компанийн гүйцэтгэгч захирал, хөдөлмөр аюулгүй байдлын инженер хоёрт Эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус зүйл ангид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Тэгэхээр хүний амь нас эрсэдсэн хэрэгт “Хурд” компанийн удирдлагууд биш гүйцэтгэгч компанийн захирал, инженер хоёр нь л хариуцлага хүлээх нь.
Өнгөрсөн ослын үеэр гэгээн цагаан өдөр хүний амь нас эрсэдчихээд байхад хэвлэлийнхнээс нууж, ажилчдаа гэнэт тарааж, даваа гаригийгамралтын өдөр болгон жүжиг тавьж байсан “Хурд” компанийн үйл ажиллагаанаас болж, хүний амь нас эрсэдсэн хэрэг зөвхөн энэ биш.
Өнгөрсөн оны есдүгээр сард Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд байрлах Хурд компанийн “Рапид Харш” хороололд кран нь дундуураа хугарч унан 26 настай залуугийн амь эрсдэж байв.
Тэр үед ослын газарт очсон сэтгүүлчдэд харуул хамгаалалтын албаныхан нь гар хүрч, салаавч гаргаж тохуурхаж байлаа.
Тухайн үедээ л шалгалаа, барилаа гэхээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь “Хурд” компани хуулиас дээгүүр жаалж буйг харуулсаар.
Жирийн иргэний барилга дээр осол гарсан бол жил хүрэхгүй хугацаанд хэргийг шийдэж, зохих шийтгэлийг нь өгчихсөн байгаа.
10 мянган төгрөг хулгайлсан иргэнийг арван жилээр яллачихаад улсын мөнгийг өчнөөн тэрбумаар нь шамшигдуулсан этгээдэд дөрвөн жилийн ял оноодогтой агаар нэг гэсэн үг.
Харин хэтэвч зузаан нэгний компаниуд дураараа авирлаж болдог хуулийн гажгийг хэдхэн улс төрчид бүрдүүлээд байх шиг.
Учир нь “Хурд” компани УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх гэгддэг. Тэрээр “Хурд” компанийг 1995 оны эхээр байгуулж байсан. Улмаар “Хурд” групп, “Хурд-Хүнс”, “Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл”, “Рапит харш”, “Апартмент кей эйч хотхон”, “Хурд таур” болон өргөжсөн юм.
Ийнхүү “Хурд” компани хуулийнхныг атгандаа оруулжээ. Өнөө хөдөлмөрийн аюулгүй байдал ярих ёстой мэргэжлийн хяналтынхан ч “Хурд”-ын асуудалд нам жим. Үнэн бодит мэдээлэл өгөх ёстой цагдаагийнхан ч “Хурд” компаниас айж, тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ