Ноолуураар хөлжих цаг

Дөрөвдүгээр сар дөнгөж гарч, ханш нээв. Малчид ямаагаа самнаж эхлээд ноолуурын үнэ 80 мянган төгрөг хүрч байна. Арав гаруй жилийн өмнө «Цайз» зах дээр ноолуурын наймаа ид оволзож байдаг цаг улирчээ. Нийслэлийн баруун хаяа Эмээлтийн түүхий эдийн зах, Төв аймгийн Эрдэнэсантын зам тоссон ченжүүд машин болгоноос ноолуур сураглана. Хэнтий, Сүхбаатарын ямааны ноолуур илүү чанартай, зах зээлд арай эрт нийлүүлдэг. Гэсэн ч энэ жил малын шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоосноос тэр зүгээс ноолуур ирэх нь ховорхон байна. Энэ хавар ноолуурын үнэ овоо өссөн ч хагнаасаа салаагүй шинэ ноолуур 80 мянга, өнгөрсөн жилийн хур ноолуур 60 мянга гаруй төгрөгийн ханштай байгааг ченжүүд өгүүлэв.

Нийслэлийн баруун зах Эмээлтээс гар утсаар ийм л ханшийн мэдээ ирж байна. Малчны хот, тээврийн товчооноос ямар машин ноолууртай хөдөлснийг хөлтэйхэн ченжүүд бараг гадарлаж байх шиг. Хятадууд харин үнэ цохиж авахыг нэг их хичээхгүй байгаа бололтой. Засгийн газраас нь ноолуурын үйлдвэрүүдээ дэмжиж, Чингис бондын мөнгөнөөс зохих хувийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Гэсэн ч хятадуудаас болж, дэлхийн зах зээл дээр Монголын нарийн ноолуураар донор хийсэн эрээвэр хураавар ноолуурынн тар хэдэн жилийн өмнөөс танигдсан ажээ. Тэгээд ч хоёр жилийн өмнө 120-150 ам.доллар байсан түүхий ноолуурын ханш өнөөдөр 100 болтол унав. Энэ нь 2001 онд Английн ноос, ноолуурын төрөлжсөн худалдааны томоохон пүүс «Сийл Интернэшнл»-ийн ханшийн мэдээгээр 105-115 ам. долларт хүрч байсан ноолуурын үнэ 2002 онд 52-54 болтлоо навс буусныг санагдуулж байна.

Ер нь дөрөв таван жилийн давтамжтай унаж, босч байдаг ноолуурын ханшны уруудах үе шувтрах тийшээ хандаж эхэлсэн гэлцэж байна. “Хүний хөгжил” сангийн 21 мянгыг сар болгон авч амташсан хөдөөнийхөн сүүлийн үед ноос ноолуур, арьс ширээ уулгамч юм шиг ганзагалаад Улаанбаатарыг зорихоо больжээ. Харин ч үндэсний үйлдвэрүүдэд тушаасан ноос, ноолуурын мөнгөн урамшуулалд амташсан бололтой. Арга ч үгүй биз. 2011 онд улсаас ноос бэлтгэлд 50 тэрбум, хожимдсон ч гэсэн ноолуурт 100 тэрбумын урамшуулал олгосон нь үр дүнгээ өгсөн гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна. Тус салбарт хэд хэдэн жижиг, дунд үйлдвэр үүдээ нээж, үйлдвэрлэлээ өргөтгөсөн нь ч бас цөөнгүй. Сүүлийн үед гадаадын орнууд манайхаас ноолууран бүтээгдэхүүн авах захиалга нэлээд ирүүлэх болж. Энэ салбарт орчин үеийн техник технологи ч нэвтэрч байна.

Монгол Улс 19 сая толгой ямаатай. Жилд таван мянга орчим тн ноолуур бэлтгэдэг ч Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд экспортын татварыг тэглэсэн юм. Иймээс гурван мянга орчим тн угаасан ноолуур урд хөрш руу татваргүй гардаг. Дэлхийд ноолуур бэлтгэгч гол гурван улс болох Хятад, Монгол, Ираны угааж самнасан ноолуурын үнийн индексийг 1984 оноос хойш эргэн харахад урд хөрш манайхаас ямагт 20-30 ам. доллараар илүү явж иржээ. Чухамдаа энэхүү үнийн зөрүү дээр л тэд манай зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийг маань хөөрхөн шоглож чадаж байсан юм. Хятадууд Монголын стратегийн энэхүү түүхий эдийг аль болох гартаа ахиухан атгаж авахыг чухалчилж, төрийн бодлогоор өөгшүүлж байсны хүчинд хамраа сөхсөн хятад наймаачид мөнгөөр зодож авдаг байсан нь үнэн. Ерээд оны дунд үеэс эрчимтэй хөгжсөн Хятадын үйлдвэрлэгчид өөрийнхөө арай нарийн голчтой, цайвар өнгийн ноолуураа манай утас ээрэхэд нэн тохиромжтой урт ноолууртай хольж, түүхий эдийнхээ цусыг нэгэнт сэлбэчихээд хэрэглэхэд чанартай, нэгэн ёсны эрлийз бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өндөр үнээр гаргаж эхэлсэн. Ингэж дэлхийд тэргүүлэх байр сууриа саяхан болтол барьж байлаа.

Манайхан бэлтгэсэн ноолуурынхаа 20 гаруй хувиар л эцсийн бэлэн бүтээгдэхүүн хийж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна. Үлдсэн 70 гаруй хувийн ноолуурыг угааж, самнасан хэлбэрээр гадаад руу гаргаж иржээ. Үнэт баялгаа яаж ч бодсон аль болохоор нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн, хүний хэрэглэдэг хувцас болгож, гүн боловсруулалт хийвэл Монгол Улс, Монгол хүнд наалдах үр өгөөж нь илүү гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Бэлтгэсэн ноолуурынхаа 70-аад хувийг хагас боловсруулаад гадагш нь гаргана гэдэг бол бид маш их боломж, ашгаа гадныханд алдаж байна гэсэн үг.

Тиймээс төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг санхүүгийн хөнгөлөлттэй эх үүсвэрээр дэмжих зорилгоор Засгийн газарт 300 тэрбум төгрөгийн бонд гаргах эрх өгсөн. Засгийн газар бонд гаргаад 150-аад тэрбумыг ЖДҮ-д өгсөн. Үлдсэн 150 тэрбумыг ноос ноолуурын чиглэлийн нийт 60 гаруй үйлдвэрт жилийн долоон хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай олгожээ. Энэ бол монгол ноолуурыг дэлхийн зах зээлд нэр хүндтэй болгох, үнэд хүргэх, монгол брэндийг бий болгох бодлого байв. Мэдээж үр дүнгээ өгнө гэж найдаж гаргасан бодлого.

2011 оны тавдугаар сард ноолууран түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоход зориулан 110 тэрбум хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас гаргаж, нийтэд санал болгон арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөх тогтоолын төсөл парламентын тогоонд ийнхүү бараг хагас жилийн нүүрүзсэн юм. Гэсэн ч ноолуурын салбарт энэхүү дэмжлэгийг үзүүлснээр одоогийн 6000 гаруй ажлын байр хадгалагдан,, шинээр 1600 бий болж, 250 тэрбум гаруй төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түүний 80 гаруй хувийг экспортод гаргах боломжтой гэсэн судалгаа бодит ажил болох эсэхийг энэ онд харах үлдлээ.

Мал аж ахуйг эрчимжүүлэх төрийн бодлогод том дуугарч, их мөнгө нэхэхгүйгээр амжуулах ажил бишгүй бий. Сүргийн бүтцийн хувьд ямаа хамгийн олон тоотой. Гэвч бэлчээр нутгийг хамгийн их сүйтгэдэг. Ямаан сүргийн дотор нарийн ширхэгтэй ноолуур өгдөг цагаан зүсмийн ямаа дөнгөж 10 хувь, улаан нь 40, үлдсэн 50 хувь нь хар, хөх ямаа эзэлдэг нь ноолуурын чанарт нөлөөлдөг. Гэтэл малчид ноолууры гарцыг бодоод нас гүйцсэн бүдүүн ямаагаа шүтэж, борлонгоо чамладаг нь хусмыг нь аваад өрмийг нь голсонтой ялгаагүй. Энэ талаар үйлдвэрлэгч, малчин хоёрын хооронд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, чамбай үнэ төлөх гэрээ үгүйлэгдэж байна. Цаашилбал монгол ноолуурын дэлхийд цойлох чанар чансааны асуудал. Саяхан үндэсний үйлдвэрлэгч компаниуд ноос ноолууран бүтээгдэхүүнээ нэг нэрийн дор брэнд болгох зорилт дэвшүүлсэн нь сайшаалтай. Бага ч гэсэн сайн чанарын ноолуурын ханш тааруухан ихээхэн ноолуурын үнэ цаагуураа дүндээ дүн гэдгийг ойлгох цаг болжээ.

Хэрвээ монгол ноолуур дэлхийд №1 данстай болбол хонины ноос, сарлагийн хөөврөө ч араасаа дагуулна. Сүүлийн үед “Говь” компани сарлагийн ноосоор хөнжил, эрэгтэй хүний цамц, орооолт, хүрэм хийсэн нь хөнгөн, дулаан чанараараа хэрэглэгчдийн таашаалд нийцэв. Тэмээний ноосон бүтээгдэхүүнийг тэртэй тэргүй бид мэднэ. Ийнхүү ирэх сонгуулийн ээлжит амлалтдаа малчдын бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж, мөнгөөр гар цайлгахын оронд малын ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах хөтөлбөр дэвшүүлж, түүний үр шимээр элбэг хангалуун амьдралын түлхүүрийг атгуулбал илүү тустай. Түүнээс шинэ дэвшилтэт технологид гологдсон ямар ч ориг түүхий эд брэнд бүтээгдэхүүний яс чанарын шаардлагыг хангахгүй гэдэг нь ойлгомжтой. Ноолуурыг ямаачны ухаанаар арвижуулах бус, төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар дэлхийн дэвжээнд гаргах учиртай. Энэ бодлого хаврын яргуй шиг зуурдын настай ч байж таарахгүй.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ