Ямааны тууварчны малгай ч яахав

Ханш нээж, УИХ-ын хаврын чуулган ажлаа эхлэв. Энэ чуулганы өнгөнд хамгийн их хэл ам таталсан гишүүнээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тодорч байх шиг бололтой. Намрын чуулганаар баталсан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн алба, Мөрдөх алба, Тахарын албаны тухай хууль амьдралд хэрэгжиж эхэлснээр цагдаагийн ажилтнууд шинэ хувцастай болж, зарим офицерын цол буураад ч байгаа юм шиг. Ямар ч байсан ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт шинэхэн комиссар цолоо илт голжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс шинэ дүрэмт хувцсаараа гоёсон цагдаа нарыг харсан иргэдийн зарим нь илт шүүмжлэлтэй хандаж, хар даавуун бүрх малгайгаар нь яг ямааны тууварчин шиг гэж хэлэх нь ч чих дэлсэв. Гэхдээ өмнөхөөсөө даруй 30 мянган төгрөгийн хямд өртөгтэй, ажил үүргээ гүйцэтгэхэд хөдөлгөөн хязгаарлахгүй хамгийн тохиромжтой гэдгийг Х.Тэмүүжин сайд “Торгоны зам” нэвтрүүлгээр тодорхой тайлбарласан. Гэвч нийгэмд хэний бизнес вэ хэмээх хардлага дагуулсаар байгаа нь нууц биш.
Шинэ хувцасны сайн, муу талыг сайдад шууд тохож болохгүй. Харин залуу сайд хариуцсан яамаа дотоод хэргийн чиг үүргийг давамгайлан хэрэгжүүлдэг байсныг болиулж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарч,иргэдээ хянаж цагдах тогтолцооноос ангижруулж байгаа. Шинэчлэлийн Засгийн Засгийн газрын Хууль зүйн сайд ажилдаа орохдоо таван зарчмыг тунхагласан билээ.
Юуны өмнө хууль зүйн системийн босоо тогтолцоо олон удирдлагатай байдаг тул хөндлөн хэвтээ тогтолцоонд оруулахыг чухалчилсан юм. Сайд Хууль зүйн яамны шинэтгэлийн хүрээнд хийх таван зүйлийг дэс дараалан тоочихдоо, нэгдүгээрт, хуулийг жинхэн ёсоор хэрэгжүүлдэг болохын тулд хуульсахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллагыг стандарттай болгох. Тэгэхдээ уг стандартыг хуулиар тогтоохоос биш, хувь хүний дур зоргоор тодорхойлохгүй. Хоёрдугаарт, хэн дуртай нь хууль тайлбарладаг, бичдэг байдлыг зогсоох. Өөрөөр хэлбэл, хуулийн тухай хууль гаргахаа больё.
Гуравдугаарт, төрийн албыг нийтийн алба болгох тухай. Төрийг хүнд сурталгүй, авлигагүй, ашиг сонирхлын зөрчилгүй, иргэндээ хүрч үйлчилдэг нээлттэй байлгах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, мэргэжлийн тогтолцоог дэмжих тухай. Эцсийн дүнд хуульчид хэр шударга, хариуцлагатай байхаас гаднаолон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх нэр хүндтэй байгаа эсэх тухай асуудал хөндөгдөнө. Үүнийг шийдэлгүйгээр шударга ёс тогтоно гэж байхгүй. Тавдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх албыг шинээр байгуулж, цагдаагийн зохион байгуулалтыг шинэчлэн, нотлох арга зүйг өөрчилнө.
Энэ утгаар зохион байгуулалттай далд үйлдэгддэг албан тушаал, хүний наймаа, хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга барилыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэсэн юм. Манайхан 20 жилийн туршид шударга ёс, аюулгүй байдлын тогтолцоо, иргэний эрх чөлөөг хамгаалдаг систем руу хөрөнгө оруулалт хийгээгүй гэсэн нь Мөрдөх албаны үүрэг зорилгыг тодорхойлно. Тэр шүүх байгууллагыг УИХ, Засгийн газраас хараат бус байх, шүүгчдийг авлигаас хязгаарлах хүрээнд ихээхэн санаачлагатай ажиллаж байна.
Гэхдээ Х.Тэмүүжин сайдын сэтгэлд нэгэн бул хар чулуу бий. Тэр бол 2008 оны долдугаар сарын нэгний хэрэг явдал юм. Тэр Хууль зүйн сайд болонгуутаа “Миний хувьд долдугаар сарын 1-ний хэрэгт хэн нэгнийг буруутгахаас илүү ийм үйлдэл дахин давтуулахгүйн төлөө ажиллана” гэдгээ хатуу мэдэгдсэн. Цагдаа бол бусад төрийн албан хаагчдыг бодвол амь насаараа дэнчин тавьж, тангараг өргөж ажилладаг.
Бусад хүн туршлага, мэдлэгээрээ төрд зүтгэж байгаа бол цагдаа амь биеэрээ зүтгэдэг гэдгийг ч нуудаггүй. Тэрээр замын цагдаад нэгэнтээ торгуулснаа твиттер хуудсандаа жиргэсэн байдаг. “Баларсаан, бичиг баримтаа хураалгаад торгуулчихлаа” гэснийг нь уншсан зарим хүн “Жолоочгүй юм байх даа,одоо тэр торгосон цагдаа нь алуулсаан” гэсэн ч хуулийн дор хүн бүр адил тэгш болохыг Хууль зүйн сайд маань зүгээр л харуулаад өнгөрсөн.
Манай төрийн тэргүүн, Хууль зүйн сайдын эхлүүлсэн шүүх, цагдаагийн байгууллагын шинэчлэл багагүй саад бэрхшээлтэй тулгарч байгаа нь үнэн. Гэхдээ өнөөгийн улс төрд үнэт зүйл, үзэл санаа, зарчим үнэгүйдсээр буйгийн эсрэг мөнгөний өрсөлдөөнөөс бодлогын өрсөлдөөн руу орох цаг аль хэдийнэ болсон. Яагаад гэвэл зарчимтай, мэдлэгтэй нь бус зальтай, мөнгөтэй нь үнэлэгддэг болоод удаж дээ. Харин Х.Тэмүүжин үүнийг зоригтой сөрж яваа. Ямааны тууварчны малгай гэж хэлүүлэх ч яахав, малгайн дорх толгой л чухал.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ