Хашраах сценари

-Ц.Мөнхбаярт долоо, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, С.Дашцэрэнд хоёр, Д.Төмөрбаатарт арван жил арван сар, Ж.Ганболдод нэг, М.Мөнхболдод хоёр жилийн ял ногдууллаа-
Уул уурхайн яам, “Централ тауэр”-т тэсрэх бодис тавьж, Төрийн ордны арын цэцэрлэгт зэвсэглэн халдсан Ц.Мөнхбаяр нарын давж заалдах гомдлыг өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд, С.Дашцэрэн нарт 21 жил зургаан сар, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял ногдуулсан. Мөн О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан билээ. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хөнгөрүүллээ. Шүүх, О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэстэй байна гэж үзлээ.
Мөн М.Мөнхболдын үйлдсэн хэрэг нотлогдсон. Шүүх зөв зүйлчилж, гэм буруу болон хувийн байдалд нь таарсан шийтгэл ногдуулсан тул түүнд холбогдох заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Харин Ж.Ганболд нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад чиглэсэн санаа зорилготой байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байна гэж үзлээ. Бас галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар үгсэн тохирч бэлтгэсэн, хадгалсан нь тогтоогдоогүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болголоо. Улмаар тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар авч явсан нь тогтоогдсон хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 185.2-т зааснаар ял шийтгэснийг 185.1 болгон өөрчилж нэг жилийн хорих ял болгон өөрчиллөө.
Үүнээс гадна С.Дашцэрэнгийн үйлдэл Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлд заасан гэмт хэргийн санаа зорилготой болох нь тогтоогдоогүй хэмээн үзэж бусдын өгсөн зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг авч явсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ. Түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 185.1 дэх хэсэг болгон өөрчилжхоёр жилийн хорих ял болгон өөрчиллөө. Түүнчлэн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар нарыг Эрүүгийн хуулийн 177.2-т заасан хүндрүүлэх нөхцөлтэйгөөр буюу зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн хэмээн хууль зүйн үндэслэлгүйгээр зүйлчилснийг өөрчилж тэднийг 177.1 дэх хэсэг болгон өөрчилж байна. Ингээд Эрүүгийн хуулийн 35.3, 55-1, 57.1-ийг журамлан Ц.Мөнхбаярын биечлэн эдлүүлэх ялыг долоон жилээр тогтоолоо. Мөн Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарыг 10 жил 10 хоног хорьж шийтгэх магадлал гаргаснаа шүүгчид хэллээ.
Шүүх хурлын дараа Ц.Мөнх-баярын өмгөөлөгч Ц.Энхбаяр, “Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Тө-мөрбаатар нарт оноосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд давж заалдах болно. Хуульд зааснаар долоо хоногийн дотор шүүхийн магадлал бичилтэд орж ирнэ. Үүний дараа гомдлоо гаргана. Миний бодлоор шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу гарч байна. Гэхдээ бид үйлчлүүлэгчийн эрхийн дагуу давж заалдах ёстой” гэв. Харин өмгөөлөгч Л.Данзанноров, “Өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг үндэстэй гэж шүүх үзлээ. Зохион байгуулалттайгаар бүлэглэсэн шинж байхгүй гэж үзээд 177.1-ээр зүйлчилж ял оноолоо. Магадлалтай танилцаад хэрхэхээ шийднэ” гэлээ. Шүүх хуралдаанд ялтнуудын ар гэрийнхэн ирж оролцсон бол УИХ-ын гишүүн Г.Уянга хуралдааны өмнө ял эдэлж буй хүмүүсийг эргэсэн байна.
М.Эрдэнэ: Миний аав эх орныхоо төлөө тэмцэгч
Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнээс цөөн зүйл тодрууллаа.
-Таны аавыг зарим хүн террорист этгээд гэж байхад нөгөө хэсэг нь байгаль орчны төлөө тэмцэгч гэдэг. Та аавынхаа үйл хэргийг юу гэж боддог вэ?
-Миний аав террорист, рекетчин биш. Үүнийг би баттай хэлнэ. Хүмүүс хараагүй зүйлдээ итгэдэггүй. Ямар ч байсан зандалчлах гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нь шүүгчид тогтоолоо. Бас нэлээд хэргийг нь хийгээгүй гэдгийг баталлаа. Миний аав бодсоноо хийдэг, зорьсноо бүтээдэг, нэг зүйлийн төлөө тууштай явдаг хүн. Аав минь эх орныхоо төлөө тэмцэгч хүн. Өөр ажил хийгээсэй гэж хэзээ ч бодож байгаагүй.
-Аавд чинь оноосон 21.6 жилийн ялыг багасгаад долоон жил болголоо. Шүүхийн шийдвэрийг юу гэж бодож байна вэ?
-Аавд толгойлж оролцсон гэдгээр нь арай илүү ял өглөө.Бусад хүмүүсийн ял цагаадаж, багассанд баярлаж байна. Ганболд гуай л гэхэд нэг жилийн ял шийтгүүлсэн ч долоон сарыг нь өнгөрөөсөн болохоор удахгүй гарна. Бид аль болох ялыг нь хөнгөрүүлж, цагаатгахын төлөө явна гэж бодож байгаа гэв.
Ц.Мөнхбаярын эхнэр Д.Доржбатаас шүүх хурлын шийдвэрийн талаар тодруулахад, “Гайгүй өнгөрөх байх гэж би бодож байсан. Өөрөө бол гарчих байх гэж байна лээ. Одоо ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид ял эдэлж байгаа. Дахиад Дээд шүүхээр явж багасах байлгүй дээ. Ерөнхийдөө биеийнх нь байдал дажгүй. Өмнөхөөсөө арай л багаслаа” гэсэн юм.
Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө иргэний нийгмийн зарим хөдөлгөөн Чингисийн талбайд жагссан билээ. “Ц.Мөнхбаярыг сулла, Ц.Мөнхбаярыг сулла” хэмээн чанга яригчаар ярьж, цуглаанд оролцсон зарим хүнд 21 мянган төгрөг өгч байгаа харагдсан. Анхан шатны шүүхээс байгаль орчны төлөө тууштай тэмцэж ирсэн иргэний хөдөлгөөнийхөнд хэтэрхий чангадсан ял оноосон гэж олон нийт үздэг. Үүний хариуд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Ц.Мөнхбаяр нарын үйлдэлд оноож болох хамгийн бага ялыг Эрүүгийн хуулиас шүүж өгсөн” гэж мэдэгдсэн. Уг нь байгаль орчин, нутаг усныхаа төлөө тэмцэх Ц.Мөнхбаяр нарын санаа зөв. Дэлхийд нэр хүндтэй олон улсын байгууллагаас авахуулаад иргэд, олон нийт түүний хичээл зүтгэлийг үнэлж дэмжиж ирсэн. “Центерра Гоулд”, “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудахад нь хүртэл иргэд өмөөрч байсан шүү дээ. Гэтэл иргэд өмөөрч, өөгшүүлсээр Ц.Мөнхбаярыг өөр хүн болгосон байлаа. Тэрээр байгаль орчны төлөө тэмцэгч нэрээр жирийн иргэнээс авахуулаад, компани, корпорацийг рекетлэгч нэгэн болсон гэж хууль сахиулагчид хэлдэг. Энэ нь тагнуулынхан хэргийг шалгах явцад олон нийтэд ил болсон. Терроризмтай тэмцэх үндэсний зөвлөлийн албан тушаалтнууд Ц.Мөнхбаяр нарын үйлдлийг “дотоодын терроризм” гэж томъёолсон. Хэрвээ хоёр газарт тавьсан тэсрэх бодис дэлбэрч, тэнэсэн сум, тэслэгчгүй гранат хүний аминд хүрсэн бол яах вэ. Дуртай болгон нь хуулиа хэрэгжүүл, байгалиа хамгаал гэж Төрийн ордон руу зэвсэгтэй дайрдаг, тэсрэх бодис тавьдаг болчихвол яах вэ. Ингээд үзвэл, Ц.Мөнхбаяр болон тэдний хамтрагчдыг өмөөрөх, хамгаалах ёсгүй ч юм шиг. Бас өршөөж, ялаас хэлтрүүлж болохгүй ч юм шиг. Бас дүүргийн Эрүүгийн хэргийн I шүүх тэдэнд холбогдох хэргийг шүүхдээ албаар ялыг нь чангадуулав уу гэсэн асуулт гарч ирнэ. Шүүгчийг ярьдаг хууль гэдэг. Ийм учраас хуулийг дутуу дулимаг хэрэглээгүй болов уу. Харин Ц.Мөнхбаяр нарыг болон буу барьж, аюултай аргаар тэмцэл өрнүүлж магадгүй нөхдийг “хашраах төлөвлөгөө”-гөө гүйцэлдүүлсэн байж мэднэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ