Д.Сугарын хүү С.Цог бусдадаа хар тамхи заржээ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт Ч.Баттуул гэх эмэгтэйг буруутган яллаад буй. Түүнийг шунахайн сэдлээр Жон Мартин Кийний амь насанд хүрсэн гэж 23 жилийн ял оноосон. Гэвч Ч.Баттуул болон ар гэрийнхэн нь уг хэрэгт Ч.Баттуулыг хэлмэгдсэн гэж үздэг. Учир нь Жон Мартин Кийн хар тамхи борлуулахаар Монголд ирсэн. Тиймээс Ч.Баттуул Жон Мартин Кийнийг М.Жаргалан нарын хүмүүстэй уулзуулсан гэх. Гэвч М.Жаргалан нар Жон Мартин Кийнтэй үнэ тохиролцож чадалгүй Жоны аминд хүрсэн гэж Ч.Баттуул мэдэгдээд байгаа юм. Мөн хар тамхи худалдан авахаар ирсэн хүмүүсийн дунд ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нар байсан гэж Ч.Баттуулын аав Н.Чулуунбаатараараа дамжуулан мэдэгдээд буй. Харин үүнийг С.Цогийн өмгөөлөгч Ө.Батжаргал үгүйсгээд байна. Хэдийгээр С.Цог нь Ч.Баттуулын хэрэгт холбогдолгүй гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн ч С.Цог нь мөн л хар тамхи хэрэглэсэн худалдан борлуулсан гэх хэргээр шүүхийн хаалга татаад байна. С.Цог нарын 12 хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд эхэлсэн. Өнөөдөр ч мөн үргэлжилж байна. Хуралд шүүгчээр С.Оюунгэрэл, Б.Зориг, Ч.Алтанцэцэг, өмгөөлөгчөөр Т.Баярцэнгэл нарын 13 өмгөөлөгч, улсын яллагчаар Н.Бадамцэцэг нар оролцож байгаа юм.

Хуралдааны явцад улсын яллагч шүүгдэгч нараас асуулт асуухад,

Шүүгдэгч Ц.Эрдэнэбилэг: Би хар тамхийг худалдан авахын тулд “Pruis” маркийн машинаа ломбардад 900 мянган төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө Н.Золбадралаас хар тамхи худалдан авсан. Нэг өдөрт гурван удаа хэрэглэхийг авсан. Тухайн үед Н.Бямбасүрэнтэй хамт явсан. Учир нь Н.Золбадрал Н.Бямбасүрэнгээс өөр хүнтэй харьцдаггүй гэв.

Харин шүүгдэгч Н.Бямбасүрэн: Би өөрийнхөө 150 мянган төгрөгөөр Н.Золбадралаас хар тамхи худалдан авсан. Гэхдээ хэрэглэж амжаагүй баригдсан гэсэн юм.

Шүүгдэгч Н.Гүнбилэгийн хувьд биенээс нь мансууруулах бодис илэрсэн ч өөрөө хэрэглэдэггүй гэж мэдүүлжээ. Мөн тэрээр “Би С.Цогоос хар тамхи худалдан авсан. Гэхдээ С.Цог хар тамхи худалддаггүй. Тэр өдөр л надад зарсан. Яг авсан чигээрээ л баригдсан. Би хэрэглээгүй” гэж мэдүүлсэн байна.

Мөн шүүгдэгч Н.Одхүүгийн машины суудлын арын хармаанаас хар тамхи илэрчээ. Гэвч Н.Одхүү “Би машинаа хэнд ч өгөөгүй. Гэхдээ тэр илэрсэн хар тамхи минийх биш. Би баригдахаасаа өмнө Хөрөнгийн биржийн урд С.Цогтой уулзсан. Н.Золбадралтай С.Цогоор дамжуулж танилцаж байсан” гэж мэдүүлсэн байна.

Д.Сугарын хүү С.Цог нь Хөрөнгийн биржид ажилладаг, сүүлийн өдрүүдэд ажилдаа яваагүй юм байна.

Ийнхүү тэдний мэдүүлгээс хар тамхийг Н.Золбадрал, С.Цог нар бусдадаа худалдаалсан нь тодорхой байгаа юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 192.3.4, 188.2-т зааснаар буруутган шүүж байна. Гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай.

Шүүх хурал үргэлжилж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ