"Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл" жагсаал үргэлжилсээр

Яг одоо МАН-ынхан Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. "Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл", "УИХ, Засгийн газрыг зайдалсан 17 сайд дээлээ тайл", "Шинэчлэлийн засгийн газар биш Шимэгчдийн засгийн газар болжээ" гэх уриа, лоозон барьж ахмад насны голдуу хүмүүс цугларцгаажээ. Үүнтэй зэрэгцээд аймгуудын иргэд төв талбай дээрээ жагсаж байгаа юм байна. Засгийн газар, хотын даргыг огцортол, давхар дээлийг тайлтал жагсана хэмээн МАН-ын удирдлагууд уриалжжагсагчид "уухай"-гаар түрэн дэмжиж байна. Ойрын хэдэн өдөр Чингисийн талбай эзэнтэй байх болно гэдгийг ч тэд хэллээ. Засгийн газрын 17 сайдын зурагтай баг нүүрэндээ зүүж, үстэй дээл, хантааз, дах өмссөн залуус гарч ирэхэд "огцор, огцор, давхар дээлээ тайл" хэмээн намын тугаа намируулан орилолдож байлаа.
"Шүгэлдээд" гэсэн командаар хүзүүндээ зүүсэн шүглээ үлээж, бөмбөрөө нүдэж байгаа хүмүүсийн ихэнхи нь тэтгэврийн насны иргэд байв. Зарим хөгшчүүд ядарсан бололтой талбай дээр хөлөө жийгээд сууж харагдав.
Өнөөдөр "Давхар дээл" тайлах асуудлыг чуулганаар хэлэлцэх байсан ч "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг 5 хоногийн завсарлага авсан нь МАН-ынханы дургүйцлийг нэлээдгүй хүргэжээ. Тиймээс МАН-ын гишүүдийн ихэнхи нь чуулганы танхимыг орхиж жагсаалд нэгджээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд, МАН-ын генсек Ж.Мөнхбат, "иргэн" гэх тодотголтой Т.Сайнжаргал нар талбай дээр ирсэн байлаа. Мөн хотын парламент өнөөдөр хуралдаж байгаа юм. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлгийнтөлөөлж Г.Ганбаяр ирж хотын дарга Э.Бат-Үүлийг огцрохыг шаардаж байгаагаа илэрхийлээ. Тэд жагсагчдыг командалж нэгэн зэрэг уухайлж, заримдаа хэлсэн үгэнд нь иргэд "ура" хашгирцгааж байна. Жагсаал үргэлжилж байгаа бөгөөд Цагдаагийн албаныхан хамгаалалтад гарсан байна. Одоо жагсагчид Төрийн ордоны зүүн талын хаалган дээр ирждавхар дээлтэй сайдуудыг гарч ирэхийг шаардаж байна.






СЭТГЭГДЭЛ БИЧИХ