Дүүмэд залуу VS Салсан нөхөр

Саяхан сайтад маань нөхрөөсөө салаад жил болсон ба одоо хүүхдээ ганцаар өсгөж буй бүсгүйн захидал ирсэн юм. Захидлын ерөнхий утга нь өөрт нь нилээд хэдэн насаар дүүмэд залуу хайр сэтгэлээ илчилж, эхнэрээ болгохыг хүсч байгаа ба салсан нөхөр нь ч эргэн нийлэхийг гуйж эхэлсэн учраас хэнийг нь сонгохоо мэдэхгүй болчихоод байгаа тухай байлаа. Нөхөр нь архи ууж өөрт нь гар хүрснээс болж салсан ба дүүмэд залуу өөрт нь хайртай гэх боловч хүүхдээс өгсүүлээд санаа зовох зүйл олон байгаа болохоор нөхрөө сонгохоор болоод байгаагаа бичжээ. Гэсэн ч тэрээр энэ захидлаа бичиж илгээснээс нь харахад яг үнэндээ хариултаа хайсаар, бүхнийг хараахан шийдчихээгүй байгаа нь илт.

Дүүмэд залуу VS Салсан нөхөр

Нөхөр нь өөрчлөгдсөнөө гайхаж, хүүхэдтэйгээ гурвуулаа хамт байхыг хүсч гуйгаад байхад хэдий түүнийг гэх хайр үгүй болсон ч хайртай үрээ бас хамт өнгөрүүлсэн хэдэн жилийн амьдралаа бодоод зөвшөөрч болох магадлал өндөр. Харин хамтдаа байсан хугацаа нь нөхөртэй нь харьцуулахад бага тэгээд ч өөрөөс нь дүүмэд залууд бүх амьдралаа даатгана гэж бодохоор зөвшөөрөхгүй байх магадлал нь өндөр.

Дүүмэд залууг хүүхдийнхээ шинэ аав, амьдралынхаа ханиар сонгохгүй байх ийм шалтгаанууд:
- Хүүхдэд маань сайн хандах эсэх эргэлзээтэй
- Цагийн эрхээр залуухан бүсгүйчүүдийг сонирхоод, чи сонин санагдахаа больж мэднэ
- Дагавар хүүхэдтэй бүсгүйтэй гэрлэснээс болж тэр амьдралаа үрчих вий гэх айдас
- Гэрийнхэн нь зөвшөөрөхгүй байх
- Эр хүн шиг амьдралаа аваад явж чадах нь эргэлзээтэй
- Чи ажил хийж бүгдийг нь тэжээхээр болж мэднэ.

Харин дүүмэд залууг сонгож болох шалтгаанууд нь:
- Чамайг хайрладаг
- Секс, хайр дурлалын амьдралын хувьд санаачлагатай
- Чамайг баярлуулдаг
- Чамайг халамж анхаарлаар дутаадаггүй гэх мэт эр хүнээс бүсгүй хүний хүсч болох зүйлсийн ихээхэн хэсгийг тэр өгч чадна.

Харин салсан нөхөр чинь өмнө нь архи ууж чамд гар хүрч байсан. Тэр яагаад тийм зүйл хийсэн бэ гэвэл хүчтэй уурласнаас болж биеэ барьж чадаагүйгээс л болсон хэрэг. Яг л бид хүүхэддээ хичнээн хайртай ч үнэхээр уурласан үедээ хяналтаа алдчих гээд байдаг шиг. Тэр түргэн ууртай, уурлахаараа биеэ барьж чаддаггүй болохоор л нударга нь түрүүлээд хөдөлчихдөг. Мэдээж уурлаагүй үедээ хэн нэгэнд гар хүрнэ гэсэн бодол төрөхгүй шүү дээ. Ялангуяа хайртай хүмүүстээ. Ийм зан сэтгэл хөдлөлөө хүчтэйгээр барьж чаддаг болоогүй л бол өөрчлөгдөнө гэж барагтай л бол байхгүй. Тэр хичнээн буруугаа ойлгосон ч гэсэн амьдралд уурлах зүйл ганцаар тогтохгүй гарсаар байх болохоор салсан шалтгаан чинь ахиад л чамайг зовоохгүй гэх баталгаа байхгүй. Хүүхдээ элэг бүтэн гэр бүлд өсч том болоосой гэж хүсэх чинь зүйн хэрэг. Гэхдээ хэдий төрсөн аав нь хамт байдаг ч ээжийг нь, өөрийг нь зовоодог байвал үр хүүхэд чинь аль ч насандаа аз жаргалтай байж чадахгүй. Өсч том болоод чамаас яагаад ингэж аз жаргалгүй амьдарсаар байгааг чинь асууж, гайхна уу гэхээс миний ээж надаас болоод ийм сонголт хийсэн гэвэл өөрийгөө л буруутгах сэдэл төрах болно.

Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзвэл та хоёрын хайр сэтгэл, хамтдаа өнгөрүүлсэн амьдрал тийм ч жижиг зүйл биш. Удаан хугацаанд хамт байж бие биенээ бараг харцаар нь л уншдаг болчихсон хүмүүс аливаа зүйл дээр ойлголцож зөвшилцөх нь ч амархан байх болно. Чамаар хэлүүлэлтгүй тэрээр гэр бүлээ авч явах ёстой гэдгээ ойлгож байгаагийн дээр чамд тавих халамж анхаарлыг нь дээшлүүлэхийн тулд түүнийг урьдныхаасаа илүү магтан урамшуулах гэх зараг аргууд хэрэглэж үзэж болно. Хүүхдийн тал дээр бол төрсөн аав нь учраас хайраар дутаалгүй өсгөж, хүмүүжил, ирээдүйд нь хангалттай анхаарч санааг чинь зовоохгүй байж чадах нь ойлгомжтой. Анх түүнд хэрхэн татагдаж, гал халуун хайраар хайрлаж байснаа бодоод амьдралын замд бүдэрчихээд байхад нь нэг удаа татаж босгоод алхаагаа нийлүүлээд цаашаа хамт явж болно.

Яг одоо үүнийг уншиж байгаа чамд үүнтэй ижил эсвэл төстэй асуудал тулгараад байгаа бол эхлээд дүүмэд залууд үнэхээр хайртай юу?, Чин сэтгэлээсээ хайртай гэдгээ мэдэрч хэн хэнийхээ дутууг нөхөн, нэг хүн мэт хамт амьдрахыг хүсч байна уу? Эсвэл зүгээр л нөхрийн чинь чамд өгч чадаагүй халамж, анхаарлыг мэдрүүлсэн болохоор түүнтэй хамт байсан нь дээр юм байна, би түүнд хайртай болчихсон юм байна гэж бодоод байна уу? гэдгээ тодорхойл. Хэрвээ түүний халамжинд л болсон бол тэр залууг сонголтынхоо нэг хувилбар болгох нь зөв эсэх талаар ахин нэг бодож үзэх хэрэгтэй.

Харин дүүмэд залуу үнэхээр нэгэн биений чинь нөгөө тал гэж санагдаж, хамтдаа байвал аз жаргалтай байж чадна гэдгээ бүрэн мэдэрч байвал яагаад өөрийнхөө хайртай хүнийг сонгож болохгүй гэж? Дулаан уур амьсгалтай, аз жаргал хайр бялхсан гэрт өссөн хүн өөрөө хайрлаж чаддаг хүн болон хүмүүждэг. Хүүхэд чинь үүний төлөө чамайг буруутгахын оронд өөрийнхөө бас хайрынхаа төлөө зоригтой шийдэж чадсан ээжээсээ суралцах болно. Үр хүүхэд нь эцэг эхээ аз жаргалтай байгаасай л гэж хүсдэг шүү дээ. Заавал нөхрөөсөө салж, хүүхдээ хойд эцэгтэй болго гэж хэлж байгаа юм биш шүү. Салалтыг дэмжиж байна гэсэн үг ч бас биш. Мэдээж хүн бүрт нэг ижил нөхцөл байдал бий болно гэж байхгүй болохоор чиний нөхцөлд таарахгүй ч байж болно. Хамгийн гол нь өөрийгөө бас хүүхдээ аз жаргалтай байх сонголтыг л зоригтойгоор хийгээсэй л гэж хүсч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ