Д.Сугарын хүү С.Цогт хоёр жилийн ял оноолоо

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд хоёрөдрийн турш үргэлжилж, С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэлээ. Эх сурвалжийн мэдээлснээр хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхэд голлон оролцсон гэх этгээдүүдэд 3,5 жилийн хорих ял оноосон байна. Шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн мэдүүлгээс харахад С.Цог нь бусдадаа хар тамхи худалдсан нь илт байсан юм. Улсын яллагчийн зүгээс С.Цог, н.Энхтайван, н.Золбадрал нарт 12 жилийн хорих ял төлөвлөсөн байсан ч шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ.

Шүүх хурлын үеэр

Шүүгдэгч Ц.Эрдэнэбилэг: Би хар тамхийг худалдан авахын тулд “Pruis” маркийн машинаа ломбардад 900 мянган төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө Н.Золбадралаас хар тамхи худалдан авсан. Нэг өдөрт гурван удаа хэрэглэхийг авсан. Тухайн үед Н.Бямбасүрэнтэй хамт явсан. Учир нь Н.Золбадрал Н.Бямбасүрэнгээс өөр хүнтэй харьцдаггүй гэв.

Харин шүүгдэгч Н.Бямбасүрэн: Би өөрийнхөө 150 мянган төгрөгөөр Н.Золбадралаас хар тамхи худалдан авсан. Гэхдээ хэрэглэж амжаагүй баригдсан гэсэн юм.

Шүүгдэгч Н.Гүнбилэгийн хувьд биенээс нь мансууруулах бодис илэрсэн ч өөрөө хэрэглэдэггүй гэж мэдүүлжээ. Мөн тэрээр “Би С.Цогоос хар тамхи худалдан авсан. Гэхдээ С.Цог хар тамхи худалддаггүй. Тэр өдөр л надад зарсан. Яг авсан чигээрээ л баригдсан. Би хэрэглээгүй” гэж мэдүүлсэн байна.

Мөн шүүгдэгч Н.Одхүүгийн машины суудлын арын хармаанаас хар тамхи илэрчээ. Гэвч Н.Одхүү “Би машинаа хэнд ч өгөөгүй. Гэхдээ тэр илэрсэн хар тамхи минийх биш. Би баригдахаасаа өмнө Хөрөнгийн биржийн урд С.Цогтой уулзсан. Н.Золбадралтай С.Цогоор дамжуулж танилцаж байсан” гэж мэдүүлсэн байсан юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 192.3.4, 188.2-т зааснаар буруутган яллалаа.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ