Жигмэд Тогмид хоёр

АН дотор албан ёсны гэж хэлэхэд ч хаашаа юм хэдхэн фракц байдаг. Тэдгээрийн нэг нь “Нэг ардчилал”. Эднийхэн парламентад гуравхан гишүүнтэй ч хоёр нь давхар дээлтэй. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр. Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн залуу энэ хоёр сурагчдын форм, цагдаагийн дүрэмт хувцсыг цоо шинэчилснээрээ яг адилхан. Түүгээрээ Лу. Гантөмөр “Үлмэдэх цэцэгхэн хотхонд”, харин Х.Тэмүүжин “ямааны тууварчин” гэсэн хоч зүүв. Олны үг ч ортой л доо. Энэ хоёрыг нийлүүлээд “Жигмэд, Тогмид хоёр” гэдэг.
“Нэг ардчилал”-ынхан бялуу хүртэхдээ нэг л сайдтай болно хэмээн тохиролцсон ч нэгээр илүү суудал авсан. Гэсэн ч илүүдсэн сайдын суудалд заларсан Лу.Гантөмөр салбартаа шавар хаах нь байтугай Н.Алтанхуягт илт дараа болж байна. Одоо тойргоо сольж, ирэх сонгуульд Увсаас нэр дэвшинэ гэж байхав.
Сөрөг хүчнийхний нүдээр бол Ц.Нямдоржийг харсаар залхаад одоо л энэ залуу хуульзүйн салбарт шинэ агаар оруулж өөрчлөлт хийнэ дээ гэтэл бас л нэг урагшгүй. Л.Гантөмөрийн хувьд ч мөн адил боловсролын салбарыг хүлээж аваад гавьтай ажил хийсэнгүй, Гэхдээ Х.Тэмүүжинг бодвол ард түмэн нэг их хүсэн хүлээсэн зүйлгүй учир олны шүүмжлэлд бага өртөх аж.
Нэг фракцийн сайд нарын зорьсон үйлс нь бас л адил гэмээр. Хүний үзэл бодол, тархи толгойд шинэчлэлийн салхи оруулж ажиллахаас илүүтэй гадна төрх өнгө үзэмжинд анхаарч ажилладаг нөхөд гэмээр.
Өнгөрсөн намар Л.Гантөмөрийн санаачлагаар боловсролын салбарт "их өөрчлөлт" хийсэн нь сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэсэн. Энэ бол шууд эцэг эхчүүдийн халаасанд гар дүрсэн явдал. Харин шинэ дүрэмт хувцсыг сурагчдын гарт очсоноос сарын дараа л бөөстөх мэтээр тараа таниулсан. Улс орны асар их хөрөнгө мөнгийг хувцас хунар мэтэд цацаж суухыг ажваас яавч Монгол төрийн ухаангүй бодлогын алдаа гэмээр.
Үүний араас залгуулаад хуульзүйн салбарт шинэчлэл хийх сайд маань бас л хэлбэр төрх, өнгө үзэмжинд анхаарч эхлэв. Одоо ид нийгмийг шуугиулж байгаа цагдаагийн дүрэмт хувцасны асуудлыг эргээд харахад Л.Гантөмөр "бөөстдөг"-тэй адил мэт. Гэхдээ Х.Тэмүүжинг бодвол Л.Гантөмөр "бөөстдөг"-өө дотоодын үйлдвэрүүдээр хийлгэсэн нь давуу тал болж үлджээ. Зуу зуун мянгаар тоологдох сурагчдын хувцсыг дотооддоо оёоод болоод байхад хэдэн мянгаар тоологдох цагдаагийн хувцсыг гадаадад хийлгэх хэрэг байв уу гээд л тоочоод байвал түмэн асуудал араасаа дагуулсаар байна.
Хамгийн харамсалтай нь олон нийтийн тэвчээртэйгээр хүсэн хүлээж байсан шинэчлэл, өөрчлөлтийг залуу сайд нар дээр дурдсанчлан "корпус"-тай зууралдахаас өөр зүйлгүй хоёр жилийг өнгөрөөж олны урмыг хугалж байна.
Сүүлийн үед яригдаад байгаа дан дээл, давхар дээлний ард төрийн дээдэс мэргэн тохироо хийгдсэн чимээ чих дэлсэж эхэллээ. Учир юун гэвэл "Нэг ардчилал" фракцид хоёр ч салбарыг хариуцуулж засагт хасах оноо авчруулж алдаа гаргаснаа ухамсарласан Ардчилсан намынхан дараагийн танхимд нэг л сайд өгөх гэнэ. Гурван гишүүнтэй хэрнээ нэг сайдтай үлдэж байгаа нь их юм гэх хүмүүс ч мэр сэр таарна.
Одоо “Нэг ардчилал”-д нэг суудал ногдоно. Шуудхан хэлбэл, засаг солигдоход үүнээс илүү бялуу хүртэнэ гэж гонжийнжоо.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ