Оросууд Украины хил дээр цэргээ бөөгнөрүүлж байна

НАТО Digital Globe фирмийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг хэвлэлийнхэнд дэлгэжээ.

Тэдгээр зургууд дээр Украины хилийн ойролцоо, 50 километрийн зайд орших Новочеркасскийн дэргэд бөөгнөрч буй ОХУ-ын цэргийн хүнд техникүүд гарсан байна.

Сүүлийн өдрүүдэд багцаагаар 40 мянга гаруй бие бүрэлдэхүүнтэйбуудлагын бригадууд, артиллерийн батальонууд, үлэмж тооны танкууд тус районд бөөгнөрчээ.

Мөн гуравдугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэл байлдааны МИ-8, МИ-24 нисдэг тэргүүдийг хилээс 40 километрийн зайд Белгородын ойролцоо байрлах агаарын баазад, Су-27, Су-24, Миг-31 сөнөөгч онгоцуудыг 150 километрийн зайд орших Бутурлиновка дахь агаарын баазад тус тус татаж авчирсаар байгааг хиймэл дагуулын зургаас ажиглаж болох аж.

Үүнээс үндэслэн НАТО ОХУ-ыг Украинд халдан довтлохоор бэлтгэж байгааг батлан өгүүлж байна. Хэдийгээр Украины хил дээр бөөгнөрүүлж байгаа цэрэг зэвсгийн хүчээ эргүүлэн татахыг НАТО-гоос ОХУ-д уриалах шаардахын дундуур хандсаар байгаа ч өнөөг хүртэл байдал өөрчлөгдөөгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон НАТО-гийн удирдлагуудын хаалттай хуралд Украины байдлыг хэлэцсэн ба энэ хурлаар тус байгууллагын гишүүн орнуудаас дорно зүгт цэрэг оруулахыг дэмжээгүй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. CNN-ийн тоймч Закариагийн нэгэн өгүүлэлд дурдсанаар бол оросууд Украины ойролцоо цэргийн хүчээ бөөгнөрүүлж байгаа нь цаагуураа Умард Солонгос тэнгист пуужин харваж сүрдүүлэх замаар дипломат бодлогоо хэрэгжүүлдэгтэй агаар нэгэн зүйл хэмээжээ. Энэ нь оросуудын хийж байгаа үйлдэл Украинд шууд халдах бус НАТО-д сануулга өгч байгаа явдал юм гэсэн байна.

МИ-24

Үүнээс үзэхэд НАТО ОХУ-Украины зөрчилд цэргийн хүчээр шууд нөлөөлөхөөс татгалзсан хэвээр байгаа нь илт. Харин Украины зүүн хэсэгт үүсээд байгаа Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын өдүүлж байгаа асуудлууд хурцдаж тус улсад иргэний дайны нөхцөл байдал үүсвэл дахин яаралтай хуралдаж гишүүдийн саналаар цэрэг оруулах асуудлыг ч хөндсөн байна.

Су-24

Украины удирдагчид энэхүү хүнд цаг мөчид үзэл бодлоо нэгтгэж тууштай шийдвэр гаргаж чадалгүй хагаралдсаар байх үед Харьков, Донецк зэрэг хотуудад хяналтаа алдсаар байгааг Европын холбоо сануулсан гэх. Гэсэн ч шинээр байгуулагдсан түр засгийн газар болон парламент үймэн сандарч улстөрчдийн зөрчлөөс үүдэн ард иргэд нь ч удахгүй дүрвэгсдийн асар их цуваа үүсгэж магадгүй байгаа аж.

Харин ОХУ-ын зүгээс Украины асуудалд НАТО болон Европын холбоог оролцохгүй байхыг сануулж Украины эрх баригчдыг асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийдэхийг уриалж байгаа. Гэсэн ч ерөнхийлөгч Влидимир Путины өөрийн орны томоохон хэвлэлүүдэд өгсөн ярилцлагууддаа удаа дараалан дурдсанаар бол Украин дахь орос иргэдийн эрх ашиг хөндөгдвөл зүгээр харж сууж чадахгүйгээ илэрхийлсэн нь тэдэнд (Украины эрх баригчдад) томоохон сануулга болоод байна.

Су-27

Одоо Украины хувьд энэ сарын 17-нд Женев хотноо зохион байгуулагдах дөрвөн талт уулзалтаас их зүйлийг хүлээж байна. АНУ – ОХУ – Украин – Европын холбоо гэсэн дөрвөн талт уулзалт хэмээн нэрийдэж байгаа ч үнэндээ ОХУ болон бусад гэсэн талтай явагдах юм. АНУ-ын байлдааны хөлөг онгоц Хар тэнгист орж ирсэнтэй холбогдуулан ОХУ-ын тал өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа мэдэгдсэний дараа энэ уулзалтыг АНУ-ын талаас санал болгосон бөгөөд оросууд ч хэлэлцээрийн ширээний ард дуртайяа суухаа мэдэгдсэн. Гэвч Донецк хотод мөргөлдөөн ширүүсээр байна.

Миг-31

Украины засгийн газар цагдаагийн нэмэлт хүчийг тийш нь илгээсэн ч хяналтыг авч чадалгүй байдлыг улам хүндрүүлж байгаа. Магадгүй хүчээр асуудлыг шийдэх гэж оролдвол Крымийг эгнэгт алдсан шархаа нөхөх нь битгий хэл улс орон хуваагдах аюулд орно гэдгийг Украины эрх баригчид ойлгож байгаа бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ