Ө.Энхтөр: АТГ-аас Н.Анхбаярыг тамлан зовоосон зүйл байхгүй

АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөртэй шалгагдаж буй хэргүүдийн талаар ярилцлаа.

-Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д мэдүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой гомдол цагдаагийн байгууллагаас манайд ирсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас мөрдөж байгаа хэрэгтэй холбоотой, мөн зарим хөрөнгө орлогоо Д.Сугар мэдүүлээгүй байна гэсэн асуудлыг манайд тавьсан. Энэ дагуу хянаж шалгалтыг явуулж, Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, офшор данс, томоохон хэмжээний зээл зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Хуулиар бол албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг. Тиймээс АТГ-аас Үндсэн хуулийн цэц болоод УИХ-д энэ асуудлаар хариуцлага тооцно уу хэмээн хандсан байгаа.

-“Эрдэнэс таван толгой”-н Б.Энэбишийн хэрэг юу болсон бэ?

-“Эрдэнэс таван толгой” компанийн захирал Б.Энэбишид 2013 оны таван сард эрүүгийн хэрэг үүсгэсэн. Б.Энэбиш гадагшаа явсан тул буцааж авчрах, холбогдох ажиллагааг Интерполоор дамжуулаад болон бусад авлигын конвенц, дүрэм журамд заасны дагуу тухайн оронд асуудал тавиад ажиллаж байгаа. Хэрэг нь түдгэлзээтэй байгаа.

-ЭМЯ-ны сайд асан Н.Түмэндэмбэрэлийн хэргийн талаар?

-Хэрэг нь шалгагдаад явж байгаа. “Латиф” гэх хувийн компаниараа дамжуулж ЭМЯ-ны хэмжээнд явагддаг тендерүүдэд албан тушаалынхаа эрх хэмжээг хэтрүүлж оролцсон байгаа. Энэ асуудлаар шалгагдаж байгаа. Харин Н.Хүрэлбаатарын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

-НИТХ-ын даргаар ажиллаж байсан Т.Билэгтийг мөн оргон зайлсан гэх мэдээлэл байна?

-Т.Билэгтийн хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа. Түүнд холбогдох хэрэг албан тушаалынхаа эрх мэдлийг хэтрүүлсэн асуудал байж байгаа.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувьд?

-Холбогдох шалгалтуудыг хийж байгаа. Мөрдөн байцаалтад хэрэгтэй материалуудыг Татварын байгууллагаас ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгтэй холбоотой холбогдох шалгалтуудыг хийсэн гэсэн үг. Бид энэ хүний тухайн үед боловсролын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, урвуулсан асуудал, мөнгө ашигласан зэргийг шалгаж байгаа.

-МУИС-ийн сургалтын албаны дарга болоод зарим албан тушаалтнууд оюутнуудаас хахууль авдаг байсан хэргийг шалгаж байгаа гэсэн. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа аль түвшинд явж байна?

-МУИС-ийн Худалдааны сургалтын албаны даргаар ажиллаж байсан Г.Жавхлан нарын этгээдүүд 50 орчим оюутнаас албан тушаалынхаа эрх мэдлээ хэтрүүлж сургалтын дүнтэй холбогдолтой асуудал дээр мөнгө нэхсэн байдаг. Улмаар 50 орчим оюутнаас 26.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон. Тэгвэл эл хэргийг яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

-Сэлэнгэ аймгийн засаг дарга асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг юу болсон бэ?

-Өнгөрсөн жил шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгосон.

-“Цэвэр агаар сан” дахин хэрэгт холбогдсон талаарх шум тарж эхэлсэн. Танай дээр энэ компани шалгагдаж байгаа юу?

-“Цэвэр агаар сан”-гийн Туул голын эхийг цэвэршүүлэх, усны ундаргыг сайжруулах чиглэлээр холбогдох компаниуд хууль зөрчсөн байгаа. Мөн төрийн өмчийг зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил гаргажээ. Өөрөөр хэлбэл, үндсэн ажлаа хийгээгүй байж мөнгийг нь аваад завшсан гэх асуудал гараад байгаа учир “Цэвэр агаар сан”-гаар дамжуулж төсвийн мөнгө идсэн компаниудад эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажиллагааг эхэлсэн.

-“Тэнгэр групп” компанийн захирал Н.Анхбаяртай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Хуулийнхан түүнийг тамлаж байна гэх мэдээлэл ч гарсан?

-“Тэнгэр групп” компанийн захирал Н.Анхбаярт 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хуулийн 263.2, 166-д заасан зүйл ангиар мөнгө угаасан, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Тодруулбал, Н.Анхбаяр нь “Тэнгэр групп” компанийн ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд өөрийнхөө үүсгэн байгуулсан компанийнхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан байдаг.

Мөн тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр ажилтнуудтайгаа хуйвалдаж сунгасан байгаа юм. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн албан тушаалтнуудтай холбогдож мөнгө угаах чиглэлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үндэслэлийг бий болгож АТГ-аас эрүүгийн үүсгэж шалгасан байдаг.

Түүний энэхүү компани нь Карибын арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй. Улмаар гадаадаас 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авсан зэрэг асуудлууд шалгалтын явцад тогтоогджээ.

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хүнийг тамлах маягаар гурван газар цагдан хорьсон зэргээр нэг талыг барьсан мэдээлэл гараад байгаа. Учир нь цагдан хорьж байгаа асуудлыг мөрдөн байцаагч өөрөө шийдчихдэггүй. Шүүх шийддэг. Шүүх дээр тухайн хүний өмгөөлөгч нарын оролцож байж асуудлыг шийдэж байгаа. Яагаад дамжуулж хорьсон гэхээр нэгдүгээр эхний ээлжинд Төв аймагт хорих үед нь тухайн хэрэгт холбогдолтой хүмүүс цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан.

Ийм учраас бид шүүхэд асуудлыг тавиад 461 дүгээр ангид хорьвол хоорондоо хэл ам авалцана гэж үзсэн. Ийм үндэслэлээр Төв аймгийн цагдан хорих төвд хорисон. Гэвч тэнд очоод асуудал зүгээр байгаагүй. Гаднаас янз бүрийн захиа оруулах, бусадтай хуйвалдах зэрэг мөрдөн байцаалттай холбоотой янз бүрийн зовлон бэрхшээл учирсан.

Тиймээс бид Зүүнхараад аваачиж байршлыг нь сольсон. Гэвч ялгаа байхгүй энэ байдал давтагдсан. Ийм байдлаар бид 2 газар дамжуулж цагдан хорьсон. Гэхдээ энэ хүнийг тамлан зовоосон зүйл байхгүй. Угаасаа хорих ангид байгаа хүн таргална гэж байхгүй.

Тиймээс турах нь ойлгомжтой. Түүнийг зовоож тарчлаасан гэж болохгүй. Энэ хүнийг цагдан хорих хугацаанд нь давхардсан тоогоор гэр бүлийнхэнтэй нь 58 удаа уулзуулсан. Нарийн мэргэжлийн эмчид 3 удаа авч явж үзүүлсэн. Хоригдож байгаа эмнэлэгт 3 удаа хэвтэж эмчлүүлсэн.

Мөрдөн байцаагч 10 хоногт уулзаж байсан. Нийтдээ 7 удаа байцаалт авсан. Их хэмжээний лиценз буюу 3.5 тэрбум төгрөгийн лиценз авахдаа тэрнийхээ хэмжээгээр улсад татвар төлөөгүй нь тогтоогдсон. Мөн Газрын тосны газрын албан тушаалтанд хахууль өгсөн нь тогтоогдсон.

-Авлигажсан төслийн хүрээнд зарим шалгалтыг хийж байгаа гэсэн?

-Авлигажсан төслийн 212 төслийн асуудлууд дээр шалгалтууд явж байгаа. Сая аудитын байгууллагаас ирсэн дүгнэлтийг авч үзсэн. Үүнтэй холбогдуулаад бусад барилгууд дээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг шалгах болно.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ