Цагдааг олон улсын цагдаагийн түвшинд бэлтгэж байна

Цагдаагийн албаны тухай хуулинд ЦЕГ сургалт дадлагын төвтэй байна гэж заажээ. Хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн цагдаагийн шинэ хуультай холбогдуулан ЦЕГ-аас хээрийн сургалт дадлагын төв нээн ажиллуулж эхэлжээ.

Өмнө нь цагдааг онолоор буюу ЦЕГ-ын харьяа байгууллагууд сургалтад суулган бэлтгэдэг байжээ. Байгууллага бүр сургалт хариуцсан байцаагчтай. Байцаагч нь үндсэн ажлынхаа хажуугаар бусад хүмүүст сургалт явуулах чиг үүрэг хүлээдэг байж. Харин энэ арга барил нь төдийлөн оновчтой биш, цагдааг мэргэжлийн түвшинд бэлтгэж байгаа үр дүн харагддаггүй байсан юм байна.

Тиймээс энэ оны хоёрдугаар сарын 7-ноос эхлэн Улаанбаатар хотоос 28 км зайтай Нарстайн аманд сургалтын дадлагын төв нээн цагдааг бэлтгэж эхэлсэн байна. Цагдаагийн алба хаагчид сургалтын төвд 14 хоног дадлагажиж, буудах ур чадвар, хэлний ур чадвар, зэвсэггүй тулалдах мэх, хууль хэрэглэх чадварыг бүрэн эзэмшиж байгаа юм байна.

Сургалтыг практикаар явуулж, цагдаагийн алба хаагчийг сорьж байгаа нь цагдааг мэргэжлийн түвшинд бэлтгэх үндэс суурь болж байгааг Сургалтын дадлагын төвийн дэд дарга, дэд хурандаа Б.Цогтбаяр ярьж байсан юм. Гадаадад цагдаагийн бүх дадал чадварыг сургалтын төвүүдээр дамжуулж алба хаагчиддаа олгодог юм байна.

Канадад гэхэд Цагаачлалын орон учраас хэв журмын цагдаагаас дөрвөн хэлтэй байхыг шаарддаг байна. Цагдаа болон хууль сахиулагч цагаач ч бай хэн ч бай ямар ч хэрэг үйлдсэн бай анхан шатны байдлаар харилцдаг, хуулийн дагуу анхны тайлбарыг нь авдаг чадвартай байхыг шаарддаг гэнэ.

Мөн Дотоодын цэргийг татан буулгах шийдвэртэй холбоотойгоор дотоодын цэргийн 800 алба хаагчийг цагдаа болгох шаардлага бий болжээ. Тэд үндсэн чиг үүрэг болох хамгаалалтын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боловч цагдаагийн алба хаагч болсон учир нийгмийн хэв журам сахиулах үүргийг давхар гүйцэтгэх юм.

Өмнө нь дотоодын цэргийн хувцастай хүн гудамжинд явж байхад хоёр хүн маргалдахад тэд юу ч хийж чадахгүй өнгөрдөг байсан бол одоо асуудлыг шийдвэрлэх үүрэг тэдэнд ноогдож байгаа юм байна.

Тиймээс тэдэнд тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадварыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан байна. Ингээд 800 гаруй дотоодын цэргийн алба хаагчийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулаад, цагдаа болгох ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ