Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс цахим хэлбэрт шилжлээ

Нийслэлд гэмт хэрэг, зөрчлийн томоохон бүс нутаг нь гэр хороолол байдаг. Алслагдсан бүс нутагт гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хамгийн чухал. Тиймээс ЦЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн дүүргүүдийн хэлтсийг хувааж, нэг хоёрдугаар хэлтэс байгуулж эхэлсэн. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийг ашиглалтад оруулжээ.

Хан-Уул дүүргийн хувьд 16 хорооны 140 мянган хүн амтай, хотоос алслагдсан гэр хороололтой, архидан согтуурах, танхай, хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт буурдаггүй нутаг гэдгийг цагдаагийн албан хаагчид онцолж байна. Хоёрдугаар хэлтсийг ашиглалтад оруулснаар гэмт хэргийн илрүүлэлт өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Өлзийт, Биокомбинат, Яармаг, Шувуун фабрик чиглэлийн алслагдсан бүс нутгийн иргэд цагдаагийн хэлтэстээ хандахын тулд заавал хот руу орох гэж цаг зав, эдийн засгийн хохирол амсах хэрэггүй болсон байна.

Тус хэлтсийн үйл ажиллагаа, бүтэц, өргөдөл гомдол хүлээж авах, шийдвэрлэх бүхий л үйл явцыг цахим сангаас харах боломжтой болжээ. Ингэснээр заавал бичиг цаас барин, өрөө шагайж явах шаардлагагүй юм байна. Мөн урсдаг самбараар ямар хэрэг, хэн гэдэг байцаагч дээр шалгагдаж байгаа нь харагддаг болжээ.

Шинэ хэлтэст 145 албан хаагч дүүргийнхээ 11 хорооны иргэдэд гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлж байна. Төвийн бүсэд зургаан цагдаагийн хэлтэс байснаас 12 цагдаагийн хэлтэс болгожээ. Олон болгосоноор шинээр хүн хүч нэмэгдэж байгаа зүйлгүй, хуучин орон тоогоороо ард иргэдэд үйлчилгээгээ дөхүүлж байгааг хэлстийн дарга Отгонжаргал онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ