Монголд цус харвалт огцом залуужлаа

Хавар болж, хүмүүсийн эрүүл мэндийн байдал хямрах нь ихэсчээ. Манай улсын 100 мянган хүн амын дунд 290 хүн цус харваж байна. Тэднээс 49 нь нас барж байна гэсэн судалгаа гарав. Энэ нь нас баралтаар хоёрдугаарт орж байгаа өвчинд тооцогдож байгаа юм. ДЭМБ-ын мэдээллээр дэлхийд жил бүр 15 сая хүн тархины харвалтаар өвчилж байгаагаас таван сая нь нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу болдог гэжээ. Харин манай улс цус харвалтын өндөр өвчлөлтэй орны тоонд хамаарч байгаа нь сүүлийн үед эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг эмзэглүүлэх болов.

Тиймээс Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт өнгөрсөн онд Цус харвалтын тусгай тасаг байгуулагдсан юм. Энд цус харвасан хүмүүст харвалтын дараах нөхөн сэргээх бүх төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Ийм төрлийн өвчтөнүүд эмээ тогтмол хэрэглэхгүй, эмчид үзүүлэхгүй явдгаас цус харвалт залуужиж, 40 нас дөнгөж гараад харвах тохиолдол ихэсч байгаа ажээ. Тархины харвалтаас болж саа, саажилт үүсч, тахир дутуу болгодог. Улмаар бусдын асрамжид орж, эдийн засаг доройтох нийгэмд хор уршиг ихтэй өвчин.

Монголд анх байгуулагдсан тус Харвалтын тасаг нь эрчимт эмчилгээ хийж, түүний дараах эмчилгээ хийх 10 ортой бөгөөд сэхээн амьдруулах, мэдрэлийн эмч нар ажиллаж байна. Үүнийг Мянганы сорилтын сангийн 6,5 сая ам.долларын санхүүжилтээр ДЭМБ-ын удирдлага дор “Цус харвалт буюу зүрхний шигдээс өвчнийг анагаах” 2011-2013 оны хооронд хэрэгжих төслийн хүрээнд байгуулсан юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх гол шалтгаан нь гадаадын орнуудад зүрхний шигдээсээр хорвоог орхигсдын 60-70 хувьд нь цусны даралт ихэссэнээс үүдсэн цус харвах өвчний онош тогтоогдсонтой холбоотой. Харин манай улсад харьцангуй бага буюу 50 хүрэхгүй хувийг эзэлдэг ч улам бүр залуужих хандлагатай болсон нь түгшүүрийн харанга дэлдсэн билээ.

Яаралтай тусламжийг гурван цагийн дотор шинжилж оношилдог, түүний үндсэн дээр эмчилдэг ийм тасаг олон оронд байдаг боловч манайд огт байсангүй. Яагаад гэвэл сүүлийн үед анагаахын практикт нэвтэрсэн цус харвасан хүний цусны бүлэнг хайлуулах эмчилгээний эм тариа болоод тоног төхөөрөмж манай эмнэлгүүдэд хараахан нэвтэрч амжаагүй байсан юм. Гэтэл судалгаагаар 1991 онд Монгол Улсын хүн амын 100 мянган хүнд цус харвалтын 62 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2001 онд 132 болсон нь илэрхий өсөх хандлагатай болж, өдгөө 290-д хүрчээ.

Одоо манай улсад цус харвасан өвчтөний амийг аврах цорын ганц зам болсон бүлэн хайлуулах эмчилгээг хийх боломжтой болж байна. Ийм оноштой өвчтөн гуравхан цагийн дотор эмнэлэгт ирж, шаардлагатай шинжилгээнүүдийг бүрэн хийлгэн онош тавиулсан байх ёстой. Эмнэлгийн яаралтай тусламжийг амжиж хүртэхийн тулд цус харвалтын хамгийн түрүүнд анзаарагдах шинж тэмдгүүдийг мэдэж байх ёстой. Юу гэвэл ам мурийх, гар сулрах, хэл яриа ээдрэх нь түгшүүрийн харанга дэлдэх гурван эх үүсвэр болдог юм байна. ДЭМБ энэхүү гурван шинж тэмдэг дээр бүх биеийн тал нь сулрах, ой санамж эвдэрч эхлэх явдлыг нэмж анхааруулдаг.

Дээр өгүүлснээр гурван цагийн дотор өвчтөнөө бид энэхүү төвд яаж хүргэх вэ. Хамгийн түрүүнд яаралтай түргэн тусламжийн төвийн харилцах утасны 103 дугаарт залга. Ингэснээр цус харвалт өгсний дараах гурван цагийн дотор тархины компюьтер томографийн зураг авч, нарийвчилсан шинжилгээний үндсэн дээр эмч нарын багийнхан эцсийн шийдвэр гаргана. Гэхдээ зөвхөн өвчтөний ар гэрийнхний зөвшөөрлөөр л бүлэн хайлуулах мэс ажилбарыг хийдэг. Эл баталгааны ард өвчтөн нэг бол хөл дээрээ босно, үгүй бол хийсэн эмч буруугүй гэсэн баримт болдог. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Энэ мэс ажиллабар нь хүний биеийн бүх судсаар дамжин хийгддэг учраас харшлах заалттай өвчнөөс гадуур хийгдэх учиртай аж. Ухаандаа ходоод дотрын шархлаатай бол судсаар хийгдэх эмчилгээний үед цус алдах эрсдэл өндөртэй юм байна.

Монгол Улсад 2009 онд Монголын строке нийгэмлэг байгуулагдан эмч мэргэжилтнүүд энэ аймшигт өвчинтэй хүчээ нэгтгэн тэмцэж эхэлсэн байна. Тус нийгэмлэгийнхэн дараах анхааруулгыг өгч байна.

Тархинд цус харвалт хэр олон тохиолддог вэ?

Дэлхийн хэмжээнд тархины цус харвалт нь нийт өвчлөлийн дунд тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй нас баралтын тоогоор хоёрдугаар байрыг эзэлж, дэлхийн хэмжээгээр жилдээ 15 сая хүний аминд хүрсэн тоо баримт байна. Монгол Улс энэ үзүүлэлтээр толгой цохих орны тоондойртжээ. Тархинд цус харвах гэдэг нь тархины судасны ханын эмгэг өөрчдөлт, цусны өтгөн, шингэн байдлын өөрчлөлт, судасны хананд үзүүлж байгаа цусны даралт ихсэх зэрэг хүчин зүйлээс ихээхэн хамаар. Иймээс тархины аль нэгэн судас бөглөрөх, хагарах, судасны ханаар цус нэвчин гарах үед тархины эдэд цус хуралдах, эсвэл тархины эдэд цус дутан тархины тухайн хэсэг,т хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдалд орж, тархины үхжилд хүргэх үйл явцад хүргэхийг хэлнэ.

Цус харвасан үед авах арга хэмжээ

Өвчтөн өөрийн ухаантай байгаа бол тайван, хөдөлгөөнгүй хэвтэж, хүнд мэдэгдэх хэрэгтэй. Хэрвээ гэр бүлийнх нь хүмүүсээс байвал яаралтай 103 дугаарт залган дуудлага өгч,харвалт өгсөн цаг, эрүүл мэндийн урьдын түүхийг үнэн зөв мэдүүлж, эмнэлгийн бичиг баримтыг эмчид өгнө. Эмч ирэхийг хүлээх зуур өвчтөний толгойг 30 градус өндийлгөн дэр ивж өгнө. Салхивчаа нээн цэвэр агаар оруулж, цусны даралт нь өндөр байвал өмнө ууж байсан эмийг нь өгнө. Эм байхгүй тохиолдолд хөлийг бага зэрэг бүлээн усанд дүрнэ. Ухаангүй байвал эм өгч болохгүй. Бөөлжсөн үед толгойг хажуу тийш харуулан амны хөндийг цэвэрлэж, хиймэл шүдийг авах нь зүйтэй. Харин түргэн тусламжийн эмч цусны даралт, цусан дахь даралтыг тодорхойлон, шаардлагатай анхан шатны тусламж үзүүлж, зохих эмнэлэгт шуурхай хүргэнэ.

Тархины судсаа эрүүл байлгахын тулд юуг анхаарах вэ?

Энэ нь танаас хамаарна. Та амьдралын хэв маягаа эрүүл болгох, давс, өөх тос, чихэр бага хэрэглэх, жингээ барих, хөдөлгөөнийг эрхэмлэх гээд энгийн зарчмуудыг баримтал. Түүнээс гадна монголчуудын дунд түгээмэл нэг асуудал бий. Энэ нь эрүүл мэндийн боловсрол дулимагаас стрептококкийн халдвар авч, олон хүн архаг ангина, шүдний өвчтэй болсон байдаг. Эдгээр нь тархины судасны ханыг гэмтээдэг. Иймээс хүүхдээ багаас нь шүд, хоолойг нь эрүүл өсгөхөд эцэг эхчүүд анхаар. Шүд, хоолойн эмгэгтэй болсон бол өдөр бүр амны хөндий, өглөө оройд хоолойгоо давс, содтой усаар зайлж занших нь хэрэгтэй. Эрүүл биш судас амархан нарийсах, цоорох зэргээр харвалт өгдгийг анхаар нь чухал.

Тамхи бол тархи, зүрхний судсыг хамгийн ихээр гэмтээдэг. Тамхи татах нь судас бөглөрөх харвалтыг хоёр дахин, судас хагарах харвалтыг дөрөв дахин ихэсгэдэг байна. Мөн судасны ханын эвдрэлийг үүсгэн, судасны цүлхэн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Архины хэрэглээг өдөрт 30 мл, шар айргийг 720 мл, вискийг 60 мл-ээс хэтрүүлэхгүй байх ёстой. Үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл цус харвах магадлалыг эрс өндөрсгөдөг. Харвалт өгсөн үед архи уух нь сайн гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь буруу. Даралт ихтэй судас хагарсан тохиолдолд архи уух нь амархан хүндэрч, үхэлд хүргэнэ. Цусан дахь сахарын хэмжээгээ байнга үзүүлж мэддэг байх хэрэгтэй. Зөв хооллох, жингээ барих, хөдөлгөөн ихтэй байх нь сахарыг багасгана. Хэрэв сахарын диабет өвчтэй бол сахар хэмжигчтэй байж, байнга хэмжин зөв дэглэм барьж, эмчийн хяналтад байх нь тустай.

Харвалт юунд хүргэх вэ?

Наад зах нь ярьж чадахгүй болох, яваандаа явж чадахгүй болох, цаашдаа өтгөн шингэн нь хаагдаж, эсвэл гоожих, улмаар сэтгэж чадахгүй болон амархан ядарч сульдах, хараа муудаж хүний асрамжид орох, тэгээд зогсохгүй давтан харваж үхэлд хүргэдэг байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ