Амрагаа багаажинд хийн хил давуулахыг оролджээ

Финландын иргэн нэгэн эмэгтэй ОХУ, Финландын хилээр Туркийн иргэнийг нууцаар нэвтрүүлэх оролдлого хийгээд Ленинград мужийн Выборг дүүрэгт орших хилийн шалган нэвтрүүлэх “Торфяновка” төв дээр саатуулагджээ. 55 настай уг эмэгтэйн машинд үзлэг хийтэл тээврийн хэрэгслийн багаажин дотор тэр эмэгтэйн хувцас, цүнхний дор Туркийн 37 настай иргэн нуугдсан байсан нь илрэв. Финланд эмэгтэй тэр эрд хайртай бөгөөд Туркт түүнтэйгээ гэрлэсэн гэж мэдүүлжээ.


Туркийн иргэн залуу баривчлагдсан бөгөөд түүнд улсын хилийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр зөрчихийг оролдсон гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хууль зөрчигч хоёр жил хүртэлх хугацаагаар хоригдох ялаар шийтгүүлэх юм уу 200 мянган рублийн торгууль хүлээх юм. Финландын иргэн эмэгтэй ч мөн саатуулагджээ. Түүнийг хам хэрэгтэн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ