Гурван Энхбаярын тавилан

МАХН-ын дарга Н.Энхбаяр ялаа эдэлж дуусгахаар болов. Учир нь тэрээр өнгөрсөн долоо хоногт холбогдох байгууллагуудад ялаас чөлөөлүүлэх хүсэлт хүргүүлсэн ч татгалзсан хариу өгч, ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр болсон юм.

Харин нөгөө хоёр Энхбаярын тавилан хэрхэж байгаа бол. Тиймээс энэ удаад гурван Энхбаярын тавиланг bataar.mn хүргэж байна.

Буддын шашинтан Н.Энхбаяр Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв. Тэрээр төрийн дээд албан тушаалыг бүгдийг дамжин Ерөнхийлөгч болсон анхны эрхэм. Гэвч одоо ялтан. Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг шат дараагаар хийсэн энэхүү эрхмийг хэн ч ялтан болно гэж төсөөлж байсангүй. Гэвч хүний хувь заяаг хэн ч таашгүй.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр спорт, бясалгалаар идэвхтэй хичээллэдэг нэгэн. Тиймдээ ч өнгөрсөн жил арав гаруй хоног хуурай өлсгөлөн зарлахдаа бясалгал хийж, бас спортоор хичээллэж, бие сайтай байсан нь нөлөөлж, ийнхүү өдий зэрэгтэй байгаа гэдэг. Мөн буддын шашинтан түүнийг цагаан хоолтон гэх яриа ч байдаг. Ерөнхийлөгч байхдаа харзны хүйтэн усаар биеэ шавшиж, уул хаданд очиж хонон өнжин бясалгал хийдэг байжээ.

Түүнчлэн буддын шашинтан Н.Энхбаяр анхны шашны телевизийг байгуулсан. Тодруулбал, Японы талаас Монгол Улсад бурхны шашинг хөгжүүлэхэд зориулж 119 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж хандивлахад, Н.Энхбаяр хувьдаа завшиж, ТВ 9 телевизийг байгуулан, Гандантэгчилэн хийдэд хохирол учруулсан гэдэг. Үүнээсээ ч болж, өнөөдөр ялтан гэх нэрийг зүүж байна. Гэхдээ ганц ТВ 9 телевизийн хэрэг ч биш. Түүнийг таван хэрэгт буруутган ялласан. Тухайлбал, ТВ 9 телевизийг хувьдаа завшсан хэрэг, МИАТ-ийн онгоцоор ном ачуулсан хэрэг, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлсэнхэрэг, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудал.

Гэхдээ түүнд дээрхээс өөр хөрөнгө ч бий. Албан бус эрх сурвалжийн мэдээлснээр Америкт гурав, Лондонд нэг хаустай. Түүний хоёр нь хүү Э.Батшугарынх нь нэр дээр байдаг. Мөн Н.Энхбаярын ээж Байгаль нуурын эрэгт амралтын газартай, энэ буурлын дүү 70 гарсан эмээгийн нэр дээр л гэхэд таван газрын лизенц байдаг гэлцэх. Мөн Интерполоор эрэн сурвалжлагдаж буй дүү Н.Энхтуяа нь “сэлмэн” барилгад хувь эзэмшдэг.

Энэхүү их хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээсээ болж, тэрээр өнөөдөр ийнхүү ялтан болоод байна.

Бидний дараагийн танилцуулах эрхэм Тв Коктейль хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр.

Хөлбөмбөгийн авьяаслаг тайлбарлагч, жүжигчин, хөтлөгч гээд нэгэн биенд багтаж ядсан авьяасаараа үеийнхээ залуусыг манлайлж яваа Д.Энхбаяр юм.

Өөрийнхөө авьяас чадварыг өрсөлдөх чадвараа болгон бас бусдад үлгэр дууриал үзүүлж, инээмсэглэл бэлэглэх сайхан ажил хийж яваа Д.Энхбаяр шиг олон олон залуусаар бид бахархах хэрэгтэй.

Тв Коктейлийнхон саяхан Гэгээн Муза наадмын шагналыг эхнээс нь л түүсэн. Энэ шагнал булган сүүлтэй байж Энхбаяр маань ч бас удахгүй хүртэх бизээ.

Бидний танилцах гурав дахь Энхбаяр бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрээр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. “Нэхий” ХХК, “Сүлжмэл”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал, Онцгой албан татварын гаалийн газрын дарга, Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, Гаалийн ерөнхий газарт зөвлөх, Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2012 онд Батлан хамгаалах сайдын албыг хашиж үзсэн.

Тэрээр мэдлэг боловсрол өндөр хэдий ч нөгөө хоёр Энхбаярыг бодвол шашин шүтлэг шүтээд байдаггүй. Тиймдээ ч амьтны амь тасалсан хэргээр цагдаад шалгагдаж байв. Бурханы шашинд амьтны амь таслахыг цээрлэдэг.

Харин эрхэм гишүүн Ж.Энхбаяр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт хулгайгаар ан хийж байсан гэдэг. Хамт явсан нэгэн бөх алсан зэрлэг гахайг нь өргөж байгаад зургаа татуулан фейсбүүктээ тавьж гангарснаар эл хэрэг сөхөгдсөн гэнэ лээ. Гэвч өндөр албан тушаалтнуудын хэрэг замхардгийн адилаар түүний хулгайгаар ан агнасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Мөн бурханы шашинд заадаг хүнлэг, энэрэнгүй байх зарчим Ж.Энхбаяр гишүүнд төдийлөн байдаггүй. Багаасаа байлдаж тоглох дуртай, генерал эцгийнхээ буянаар Монголын зэвсэгт хүчний үүцэд гараа нэлээд лав дүрсэн гэдэг. Мөн хуучнаар Варьетта чуулгыг хувьдаа авсан. Батлан хамгаалахын сайдын суудалд очсон даруйдаа төрийн албан хаагчдыг хууль бусаар халж сэлгэж байгаад ийнхүү өөрөө сайдын суудлаасаа удалгүй огцорсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ