Украинд иргэний дайн эхэллээ

{!!!right!!!}Украины зүүн хэсгийн хотуудад үймээн дэгдээж, салан тусгаарлах оролдлого хийж буй Оросын талыг дэмжигчдийн эсрэг Киев цэргийн хүч хэрэглэж эхэллээ.
Украины Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Турчынов Оросыг дэмжигчдэд сануулга өгч 48 цагийн дотор үймээн дэгдээж буй үйлдлээ зогсоохгүй бол улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын эсрэг террорист ажиллагаа явуулж байна хэмээн үзэж цэргийн хүч хэрэглэх тухайгаа мэдэгдээд байсан юм.
Тэгвэл терроризмын эсрэг цэргийн тусгай ажиллагаа мягмар гаригаас эхлээд байна. Донецк мужийн Донецк хотыг хяналтандаа авахын тулд Украины армийн тийш нэвтрэх гол бааз нь Донецкийн Краматорск болон Славянск хотууд аж.
Тиймээс тус хотуудад Украины цэрэг зэвсэг тээвэрлэсэн онгоцууд хэдийнэ буугаад байна. Цэргийнхэн салан тусгаарлагчдыг зэвсгээ хураалгаж, нутгийн захиргааны байруудыг суллахыг шаардсан боловч одоогоор зарим газруудад хэдийнэ ширүүн буудалцаан эхэлсэн талаар өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.
Үүнтэй зэрэгцэн Украины Батькившина намын тэргүүн Юлия Тимошенко бүх украинчуудад хандан уриалга гаргаж Оросын түрэмгийллийн эсрэг хөдөлгөөн байгуулсан тухайгаа зарлажээ.
Уг хөдөлгөөнд Украины төлөө гэсэн сэтгэл зүрхтэй бүх хүмүүсийг нэгдэхийг тэрээр уриалсан ба Засгийн газар хөдөлгөөний гишүүдийг зэвсгээр хангана хэмээжээ.
Үүнээс харахад тус улсад иргэний дайн эхлэх нь нэгэнт тодорхой болоод байна. Юлия Тимошенко тэргүүтэй Украины улстөрчид ард түмнээ уриалан дуудаж оросын эсрэг зэвсэглэж эхэлсэн нь дан ганц армийн хүчээр оросыг дэмжигчид болон тэдэнд туслах ОХУ-ын дэмжлэгийг зогсоож хүчрэхгүй гэж үзсэнтэй холбоотой.
Энэ хооронд Укрианы зүүн хэсгийн хилээр цэргийн хүчээ төвлөрүүлээд буй ОХУ-ын эрх баригчид Киевийн Засгийн газрын шийдвэр нөхцөл байдлыг хурцатгаж, иргэний дайны эхлүүлсэнийг буруутгаад байна.
Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар ОХУ Украины дотоодод өрнөж буй зэвсэгт тэмцэлд шууд утгаар цэрэглэн хөдлөхийг яарахгүй гэнэ. Хилийн чанадаас оросыг дэмжигчдийг шүдийг нь хүртэл зэвсэглэх нь харин илүү амархан бөгөөд олон улсын дургүйцлийг хүргэхгүй ажээ.
Мөн үүнтэй зэрэгцэн нэгэн мэдээлэл цацагдаж эхэлсэн нь Орос Хятадын тал төлөвлөгдөөгүй дээд түвшний уулзалтыг хаалттай хийсэн аж. Энэ нь нэг ёсондоо Украины асуудалд хоёр тал хэрхэн яаж хандахаа зөвшилцсөн болохыг илтгэж байгаа юм.
Нэг ёсондоо ажиглагчдын үзэж буйгаар Хятад улс ОХУ-ын талд НАТО болон АНУ Европын холбооны эсрэг зогсох нь тодорхой боллоо хэмээж байна.
Гэсэн хэдий ч Оросыг эртнээс геополитикийн бодлогод дэмжиж АНУ-ын эсрэг зогсож ирсэн Хятадын хувьд энэ удаагийн хамтын ажиллагаа нь эрсдэл дагуулж мэдэхээр юм.Учир нь олон үндэстэн, автономит улсуудаас бүрдсэн Хятад улс аливаа орныг бутлан задаргах явдлыг эрс эсэргүүцэж олон улсын гэрээ конвенцид нэгдэж ирсэн.
Гэтэл үүсээд буй нөхцөл байдал нь Крымийг Украинаас тусгаарласан болон одоо тус улсыг зүүн баруун болгон хуваагаад байгаа зэргээр Хятадын эрх баригчдын баримталж ирсэн бодлогын эсрэг үйл явц юм.
Гэсэн ч Орос Хятад улсууд энэ асуудалд хэл амаа ололцож чадсан бололтой.
Харин манай улсын хувьд хэрвээ байдал хүндэрч Украин улсын дотоод дахь иргэний дайн хурцадвал мэдээж хэрэг стратегийн бодлогын хувьд гуравдагч хөрш АНУ тэргүүтэй гүрнүүдийг дэмжих үү, эсхүл хоёр их хөршөө дэмжих үү гэдэг асуудал урган гарч ирнэ. Ийм нөхцөлд сөргөлдөгч их гүрнүүдийн аль алинд тал тохой алдаж, шүд зуулгачихалгүй мэргэн бодлого явуулах нь нэн чухал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ