Хээрийн түймрээс болж 19.6 сая төгрөгийн хохирол учирчээ


Хаваржилтад нөлөөлөх хүндрэлийн нэг хэсэг болох хээрийн түймэр сүүлийн 1 сарын хугацаанд 14 аймгийн 18 сумын нутагт 20 удаа гарч 35.8 мянган га бэлчээрийн талбай өртөж байгаль экологийн хувьд 19.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Хүндрэлийн нөгөө хэсэг нь өвөлдөө ихээхэн хэмжээний цас орсон Хөвсгөл, Архангай, Завхан, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад ойрын хоногуудад нийт нутгаар эрс дулаарч байгаатай уялдан голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлахын зэрэгцээ томоохон голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, шингэн, өтгөн цөн гүйх, цөнгийн хахаа үүсэх зэрэг тохиолдол нэмэгджээ. Тиймээс томоохон голын сав газар, голын дагуу нутаглаж буй малчид, ард иргэдийг шар усны үерийн аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын гол мөрний сав дахь малын сэг зэм шар усны үерээр урсаж, гол нуурыг бохирдуулах аюултай тул голын сав, татамд цэвэрлэгээ хийж, сэг, зэм устгах, малын өвчин эмгэг дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар аймаг, орон нутагт зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн “Малчиддаа туслая” аяны хүрээнд 440.0 гаруй сая төгрөгийн хандив цугларснаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгуудын 55 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт нийт 1215 тн тэжээл, 2000 боодол өвс, 50 сая төгрөгийн бараа материал, хүчтэй шуурганы улмаас гэргүй болсон Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 малчин өрхөд гэр олгосон зэрэг нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад сэтгэл санааны болон эд материалын тодорхой дэмжлэг үзүүлжээ.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ