Бид тарган биш, хөөлгөсөн мах иддэг гэж үү

Ченжүүд малыг архи, аминдэмээр хөөлгөдөг тухай бид өмнө нь цухас мэдээлсэн билээ. Энэ аймшигтай үзэгдлийг ингээд орхимгүй байна. Гурав орчим сая хүнтэй атлаа 40-өөд сая малтай бид махны хомсдолд орсоор олон жилийн нүүр үзлээ.

Махны үнэ тэнгэр өөд л явна уу гэхээс газар уруу харах нь үгүй болжээ. Тэр дундаа жил бүрийн хавар тохиодгийг нь яана. Үүнээс ард иргэдээ хамгаалахын тулд төрөөс нөөцийн мах гэгчийг гаргах болсон ч амжилт муутай л байх юм.

Нөөцийн гэх адуу, үхрийн мах дуусч, хонь, ямааных нь өнөө, маргаашаа хүлээж буй. Тиймээс зарим захад үхрийн килограмм мах 11-12 мянган төгрөгт хүрлээ. Яг энэ үе ченжүүдийн загатнасан газар мааждаг аж. Малыг богино хугацаанд үнэ хүргэх аргыг тэд аль хэдийнэ олжээ.

Удахгүй хонь, ямааны мах дуусна. Тэр үеийг л тэд анаж байгааг өмнө нь махны ченж хийж байсан нэгэн эр ярив. Ёстой хөгийн юм гэж үүнийг л хэлэх байх. Мал бордох үзэгдэл өмнө нь байсан л даа. Тугалыг бяруу, бярууг шар мэт болгодог байв. Гэхдээ байгалийн гаралтай бордоогоор, шинжлэх ухааны үндэстэй хийнэ шүү дээ.

Өнөөгийн ченжүүд тэгэхгүй нь мэдээж. Тэгээд ч хавар хэзээ мал таргалж, тарган мах идэж байлаа. Тэгтэл сүүлийн жилүүдэд нөөцийн мах дуусангуут махны лангуу шинэ, тарган, өндөр үнэтэй махаар дүүрчихдэг болсныг бид сайн анзаараагүй явжээ. Байгалийн хуультай зөрчилдсөн эл үзэгдлийн ард чухам юу нуугдаж байгаа нь сонин юм. Дээрх ченж асны яриаг одоо хүргье.

-Нөөцийн мах дуусахын хавьцаа бид хөдөөг зорьдог байлаа. Авдар авдраар архи, сав саваар глюкоз, витамины комплекс аваад л гарна шүү дээ. Их амархан. Глюкоз, амин дэмээ гүрээнийх нь судсаар хийгээд, тавин грамм тааруухан архи татуулаад байхад хонь, ямаа долоохон хоногийн дотор л бондойгоод ирдэг юм. Бүр өөх алаглана гээч.

Ингэнгүүт нь бөөнд нь нядлана даа. Нядлангуутаа хөөлгөх ажилдаа орно. Гуя, хаа, хонго зэрэг зузаан газарт нь хагас, хагас литр усыг тариураар шингээж тариад л гүйцээ. Нөгөө хаврын туранхай малыг танигдахын аргагүй болтол нь таргалуулж, хөөлгөдөг юм даа. Жин нь бараг хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд та нар хахир хавраар тарган /хөөлгөсөн/ мах иддэг байхгүй юу. Бид ашиг олоод л болох нь тэр гэв. Та, бид хавар ийнхүү тарган биш, хөөлгөсөн мах иддэг юм байна.

Г.Мөнхнасан      

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ