Казакстанд ял эдэлж буй гэр бүлийн хоёр нутагтаа ялаа эдлэхийг хүслээ


Казакстан улсын шүүхээс хар тамхины хэргээр хорих ялаар шийтгүүлсэн Монгол улсын хоёр иргэн нутагтаа ялаа эдлэхийг хүсч байгаагаа тус улсын хууль хяналтын байгууллага илэрхийлжээ. Тэдний хүсэлтийн дагуу тус улсын хуулийн байгууллагаас судалж байгаа юм байна.
Тэд гэр бүлийн хоёр бөгөөд нөхрийг нь Э гэдэг бол эхнэрийг нь О гэдэг аж. Тэд тус улсын шүүхээс 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд долоон жилийн нь эдлээд байгаа аж. Тиймээс үлдсэн ялаа нутагтаа эдлэхийг хүсч ийнхүү хүсэлт гаргаад байгаа юм байна.
Хэргийг сануулбал, Зүүн өмнөд Азийн хар тамхи, мансууруулах бодисын “Алтан гурвалжин” хэмээх хууль бус сүлжээнд элсэж нутаг нэгтнүүдээ золиослосон Б.Хулан, Б.Халиун хэмээх эгч дүү хоёрын төрсөн дүү нь Э гэх залууг эхнэрийх нь хамт хар тамхины сүлжээнд оруулжээ.
Хэрэгт холбогдохоосоо өмнө гэр бүлээрээ хар тамхи зөөвөрлөж бүр түүнчлэн төрсөн ээжийгээ ийм төрлийн хэрэгт холбогдуулсан байдаг. Б.Хулан, Б.Халиун нар нь Хятад, Макао, Казахстан зэрэг улс руу хар тамхи гаргадаг байсан. Б.Хулан нь Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Т.Дамдины эхнэр бөгөөд Хятадаас Казахстан руу орох үедээ тэндэхийн хууль хяналтын байгууллагад саатуулагдан баригдсан юм. Ингэснээр Б.Хулан нь Казахстаны шүүхээс таван жилийн хорих ял сонсч, улмаар ялаа эдлээд гараад ирсэн бол төрсөн дүүгээ эхнэртэй нь хамт харийн орны шоронд хатаачихаад байгаа ажээ. Харин манай улсын Ерөнхийлөгч Т.Дамдины цаазын ялыг хэлтрүүлж өгөхийг хүссэн захидлыг Хятадын ерөнхийлөгчид явуулаад удаж байгаа ч одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ