С.Баярцогтын асуудлаар АТГ-т шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Баярцогт гадаадад нууц данстай нь илэрч, ХОМ-ээ гурван жил дараалан худал мэдүүлснээр УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсон. Харин УИХ-ын зарим гишүүд болоод иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн УИХ-ын дэд даргаас огцрохоос гадна АТГ-т шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Өнөөдөр “Олон нийт, иргэний хяналт” төрийн бус байгууллагаас С.Баярцогтын асуудлаар АТГ-т найман зүйл бүхий шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. “Олон нийт, иргэний хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн А.Батзориг “Жирийн иргэн газар нутгаа худалдаад гадаадад мөнгө өгсөн бол хэдийнэ шоронд орсон. Гэтэл УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга хүн ийм том асуудал үүсгэчихсэн байхад зүгээр өнгөрөөж байна. УИХ-ын чуулганд ярьж байгаа нь маш хариуцлагагүй байна. Энэ байдлаар бол Монголын газар шороо хэдэн жилийн дараа юу  ч үгүй болох нь. Тиймээс С.Баярцогтын үүсгэсэн асуудалд хатуу хариуцлага тооцох ёстой” гэв.

Мөн тэрбээр “С.Баярцогтыг хуулийн байгууллагад шалгах хэрэгтэй байна. АТГ-т найман шаардлага хүргүүлсэн. Найман  шаардлагын хариуг зүйл заалт бүрээр нь авна. АТГ-ын Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан н.Гэрэлмаад өгсөн. Хариугаа 5-19 хоногийн дотор өгнө гэсэн. Тэр үед албан ёсоор мэдэгдэнэ” гэлээ.

Б.Золбоо

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ