Ерөндөг

20 жилийн өмнө нэг цөлх сайхан монгол жолооч эр хашаандаа зуны хоёр байшин нэмж барьж  зургаан хүүхдийнхээ  тус бүр тав, нийлээд дор хаяж 30 ачтай болно гэж хүлээв. Өвгөн хэдэн жилийн өмнө жамаараа өөд болжээ.  Харин хашаа байшингаа эмгэн нь зарсан байна. Доторх хүн нь цөөдөөд байшин нь томдоод байхаар нь...  Аргагүй шүү дээ 20 жилийн өмнө дор хаяж 30 ач зээтэй болж  тэднийгээ тоглуулж, тойруулж гүйлгэхээр тооцож барьсан юм шүү дээ.

.....   Би улсаа бүтнээр нь харж байна. ...

... Аргагүй л нэг төрийн тэргүүн , өрхийн эзэн хүн шиг хэлж байна шүү  энэ Ээбий хүү гэж зурагтынхаа өмнө Ерөнхийлөгчид хошуу дэвссэн  буурай цай тагш хоёроо эрэлхийллээ.

Энэ буурай саяхан 60 гарсан, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. 40 жил ханилсан хань нь өөрөөс нь зургаан насаар  ах байсан, жолооч асан, хорвоогийн жамаар хэдэн жилийн өмнө  өөд болсон. Буурай өөрөө улс орныхоо Эрчим хүчний салбарт цэвэрлэгчээс үйлчилгээний ажилтан болтлоо ДЭВШИЖ  ажилласан. Хэд хэдэн таван жилийн гавшгайч “Алтан гадас” авахаар байсан ч, ажлын байдал зэрэглэл арай л багадсанаас чадаагүй  гэж өөрөө үздэг хүн. Сүүлийн жилүүдэд хоёр ч сонгууль угтаад “Хөдөлмөрийн алдар”,  “Хүндэт ахмад”, “Ардын авьяастан” ч гэлүү   өдий насны ахмад хүний авч болох    бүх цол тэмдгийг харьяа хороо, намын үүр нь тодорхойлж дэмжсэнээр   авсан, ер нь бол  ач гучаа харан ая тааваараа л байдаг нэгэн билээ.

Энд ач гуч гэснээс 20-иод  жилийн өмнөх нэг зун  өвгөн нь  “Долоон буудал”-ын хашаандаа социалист өмчийн мод, банзнаас илүү дутуу гарган зөөж  байж хоёр ч зуны амбаар барьжээ. ... Учрыг асуухад “Хүүхдүүд том болохоор ач гуч гэж овоо юм болно. Зургаан хүүхдээ за яахав багаар бодоход тус бүр  таван хүүхэд гаргана гэж бодоход л 30 жаахан шаагисан юм болно. Тэднийг чинь чи бид хоёроос өөр хэн  харахав ... Тэгэхээр эртхэн тааваар нь  тоглуулах юм бодсон нь дээр байх аа, хөө гэж өвгөн нь  холч хараагаараа илүүрхжээ. Одоо энэ хашаа байхгүй,  байшин нь олдоод хүн нь цөөдөөд  байхаар нь   хэдэн жилийн өмнө   зарсан. Өвгөн хүлээж байсан  30  ачийнхаа 10-ыг нь  л тэвэрч эрхлүүлжээ. Нас нь богинодож хувь дутсан уу гэвэл ч бас  үгүй . Бүгдийг нь гэр бүл хань ижилтэй болохыг нь харж заримд нь  гэр, хашаа илүүчилж тусад нь гаргасан зарим нь гадаадад ажиллаж сурна гээд явсан. Тэндээ сайхан амьдарч байгааг очиж хараагүй ч сонссон зургийг нь харсан. Өвгөн, тоглох талбай унтах байрыг нь бэлдэж байсан 30 ач, гучийн таамаг яагаад  10 болтлоо багасаж алдав. Жил дараалан шахуу төрсөн  зургаан хүүхдийн хоёр нь хүү, дөрөв нь охин. Том хүү нь техниккум төгсөөд зах зээлийн жаяг даган наймаа арилжаа хөөсөн гурван  хүүхэдтэй. Удаах хүү нь удам залгасан жолооч мөн л гурван хүүхэдтэй.  Өвөөгийн бэлдсэн зуны амбаарын ханыг доторлож “Новый товар” сэтгүүлийн хуудсуудаар наасан  ханын обойг хамгийн эхэлж хуу татаж, урж  шуугиулж эхэлсэн ач нар бол энэ зургаан ач зээ нар ... Түүнээс хойш 90-ээд оны дунд үед   удаах хоёр охин нь сургуулиа төгсгөж, төдөлгүй эрд очиж хурим найр боллоо. Эхний зургаан ачаа тэвэрсэн хоёр хөгшин зуны хоёр амбаараа улам л тордон нэгийг нь тоосгодож аваад удаах ач нараа хүлээжээ.  Нэлээд хүлээлгэсний эцэст хоёр охин нь тус бүр нэг, нэг  охин гаргаж хөхнөөс нь гарангуут авчирч өглөө ,   Ингээд таван хүү гурван охин найман ачтай болж,    олуулаа бужигнаад болоод л байж. Өнөө 30 ач, гуч  гээд л хоёр амбаар бариад л байсан чинь ... гэх эмгэнийхээ асуултад ...  цаг өөр болж .. олон хүүхэд гаргаад сурч дэвжих нь хойш татагдаад хэцүү юм шиг байна ...бас хамгаалдаг хорьдог юм нь ч элбэг болсон дог оо ... одоо энэ наймыг гаргаад  байгаа нь яамай , гэхдээ л хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг дээ гэж хэлэхдээ гэрт үлдсэн  оюутан охид руугаа харж ирээдүйд нь үг дайна. .     ...2000 он гарлаа үлдсэн хоёр бага нь  ч боломжийн боловсрол эзэмшин Төрийн албанд орлоо. Багын дээдэх нь гэрлээд гурван жил болж байж нэг хүү төрүүлж гарт нь  тэврүүлжээ . Нөхөр нь гэрээгээр Солонгост мөнгө хийхээр явсан тул “хүлээж байна“ гэсээр ийн удсан байж . Харин бага нь хуримласан  жилдээ л нэг охин гаргахад  ач зээгийн  тоо 10 хүрээд

–Боогдлоо...  боогдлоо гэдгийн учир нь хүүхдүүдийн зүгээс дахиж  хүүхэд гаргах  тухай сонсох ч  завгүй байгаагаа хэлжээ. Лавшруулаад асуувал тус бүрдээ нэгийг хэлнэ.

Том хүү: Энэ гурван хүүхдийг бас энэ хэдэн дүү нарыг аятайхан явуулах гэж ганзага хөөсөөр байтал ид сайхан сурдаг нас талийгаад өгч, одоо зарим сургууль төгссөн  найзууд цонхоор хуруугаа гозолзуулж дуудаад “Намдагаа хөгшөөн гялс дээшилнэ  гэж ху асуугаад аад, байх юм. Авлигач болж шоронд орох” юм уу, хаашаа юм, юун дахиад хүүхэд гаргаж өсгөх  вэ... яаж нэг тогтвортой ажилд орж баталгаатай  цалинтай болох вэ гэж явахад хэмээн  бухимдана.  ... Удаах хүү ерөнхийдөө адил зүйл ярина ...Жижиг дундын  зээлийг  “Яг  шудрага өгдөг бол би нэг ресторан хөнгөхөн босгоно л доо /одоо цайны газар ажиллуулж зав зайгаараа таксинд явдаг /  тэгвэл ганц охинтой болмоор л байна, нялх юм ч хөөрхөн шүү .. найзууд мөнгөжөөд ирэнгүүтээ  амжиж хүүхэд гаргая гээд л, ангийн охид бөөн жирэмсэн цүдгэрүүд болсон байна гэж эхнэртээ хүүхэдтэй болох санаагаа  савж байгаа дуулдана. Хоёр охин ч бас ойролцоо дуу л тайлбар хэлнэ.

Дунд хоёр охины нэг нь: ... уг нь гялс нэгийг гаргамаар л байна. Даанч... гэж байснаа ...  магистр хийж дахиад нэг сургууль төгсөхгүй бол Монголд дээшээ гарахгүй юм  байна аа гэсээр төрийн сангийн тэтгэлэгт багтаж баруунд гараад сургуулиа төгссөн ч эргэж  ирсэнгүй  таван жил жил . Хааяа нэг ээжр үүгээ залган: Одоо наана чинь над шиг гадаадад удсан хүн ажил олж дээшээ гарна гэж байхгүй ээ...  Дээр нь, “Дагасан, нам, татах хүн байхгүй, тэгээд  ч Монгол аймаар сонсогдож байна шүү. Утаа шороо, аваар осол гээд л... Болдог бол бүгдийг чинь ийшээ татмаар л байна. Даанч... гэсээр  нэгж нь ч юм уу, цэнэг нь ч юм уу  дуусч хэсэг таг болно. Ингээд 10 ачийн нэг нь “тавиул”  гэх тодотголтой болж, өвөр дээрээс нь үл бууна.  Ер нь бол  хоёр хөгшний хувьд  30 ачаа тойруулж шугиулж өсгөсөөр “ хойшоо”  явна гэсэн бодол нь дотор хүнтэй нь ижилсэж  идээшихээ больжээ. Энэ л  ахуйд өвгөн арав дах ач даа бантан өгч суугаад бохирон унаж “ цус харвасан ” гэсэн өөриймсөг  оноштойгоор хорвоог орхиж.  

Эцэст нь  ойрын 15 жил хүүхэд гаргах ямарч боломжгүй гэдгээ мэдэгдэж байгаа нэг охин нь бий. 30 шүргэж яваа, боломжийн ажил цалинтай, сайн ханьтай, хүмүүсийн ярьдгаар ид сайхан насан дээрээ байгаа  бүсгүй  дахиж  хүүхэд гаргах байтугай өвдөж,  үхэж ч болохгүй 15 жил явах үүрэгтэй болсон  учрыг  хуваалцья.

Охин Ц. Гэрлээд 10  жил болж байгаа, ганц хүүтэй. Нэгэн төрийн байгууллагад дунд тушаалын албан хаагч, 600,0 мянган төгрөгийн цалинтай,  Нөхөр нь урьд Солонгос яваад хэдэн төгрөг хийгээд ирсэн. Тэгээд бас сургуулиа дүүргээд авсан, одоо Зам барилгын нэг төрийн өмчит компанид менежер ажилтай. Сардаа  500,0 төгрөгийн цалин авчихдаг нийлээд сая гаран төгрөг гар дээрээ авчихаар боломжийн айл .

 Ангийн хөвүүний идэвхи чармайлттай –найраанд- орж  дурласан охин төгсөнгүүтээ  хуримлан айл гэр үүсгэж, аавынхаа барьсан нэг илүү байшинг  хоёр өрөө болгон  таллаж,  дүүгийн хамт орсноор   түр өрх тусгаарлажээ. Ингээд саяхан ховорхон гэмээр завшаанаар шинэ байранд орж. Нөхөр нь Солонгос гарч өрөөсөн бөөргүй болох шахан  ажиллаж байж  хөөрхөн мөнгөн хуримтлал бий болгосон нь ч энд хэрэг болж. Төрийн албанд орсноор эхнэр нь ч овоо нэмэр болох болж. Товчхондоо, төрийн  албан хаагчийн хувиар зээлийн орон сууцанд орох боломж нээгдэж. Нэг л нартай өдөр хол сонсогдож байсан сураг үнэн болж хэлтсийн дарга нь  дуудан байранд орох бол нэрээ бичүүл гээд, бүр одоо ашиглалтад орж байгаа таван компанийн байрнаас сонгон орж болно гэлээ.

Хоёулаа нийлээд сардаа сая гаран төгрөгийн  орлоготой , нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг  байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллаж байх  зэрэг банкны зүгээс тавих босго өндөр  шаардлага тодорхойлолтын хүснэгтүүд бөглөгдөн битүүрсээр 20 саяыг нь бэлнээр өгч, үлдсэн 65 саяыг 15 жилийн хугацаатай    банкнаас зээл болгон авч нийт 85 сая төгрөгийн байранд нүүн оржээ.  Асуудал үүгээр бас төгс болсонгүй. Олны жишиг, орчин цагийн тавилга, гал тогооны ком, зочны өрөөний олон үйлдэлтэй буйдан, ширээ, том “Инч”-тэй зурагт гээд бүгдийг шинэ байрныхаа өнгө хэмнэлд нийцүүлэх хэрэгтэй болсон тул дахиад 10-аад сая төгрөгийн өр нэмээд тавиадхав. Ингээд өөрийн гэх өрөөтэй болсон доо баярлан хөөрөх хүүгээ унтуулаад  амрах зуур  болж өгвөл ганц охинтой болчих талаар яриа эхлүүлсэн  нөхрийн үг  “яаж дээ” гэх эхнэрийн үгээр  мухардаж.

Яаж ч зангараглаад эхнэрийнх нь зөв байлаа.

.... бид  шөнө унтах бүрдээ 30,000 төгрөгийн өр дэрлэн унтаж байна.  Банкны зээлэнд сар бүр 600000- аас доошгүй  төгрөг  тушаах үүрэгтэй. Тэгээд бурхан  ивээж өвчингүй асуудалгүй энх тунх  ингээд явад байвал 15 жилийн дараа энэ байрны өр дарагдаж амьдарлын дараагийн алхам буюу жинхэнэ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж нээгдэж болох юм. Ийм байхад юун хүүхэд гаргаж,  Засгийн газрын “Олуулаа” мөрийн хөтөлбөрт хувь нэмрээ оруулах вэ...   Хүүхэд гаргалаа гэхэд дор хаяж хоёр жил мөнгөний бараа харахгүй гэрт хэвтэнэ.... Сар бүр чиний цалинг хуу хамаад байрны төлбөрт өгнө. Тэгээд юугаараа идэж ууж, өмсөх зүүх вэ...Та хоёр тэр жоохонтойгоо  миний хөхийг хөхдөггүй л юм бол амаараа шороо үмхөх байлгүй ... Хүү маань л жоохон ганцаардаж өсөх нь дээ ...Тэр аавын олон сайхан ач тэврэх энэ тэрч бүр яамай ... 

Тиймээ яаж ч бодоод эхнэрийн зөв байлаа. Мэдсэн бол эртхэн шиг л өөрийн эрхээрээ муу амбаартаа  байхдаа ганц хүүхэд .....

Ингээд шинэ байранд хоносон  анхны шөнийн маргааш өглөө эхнэрийн амжуулах хамгийн эхний ажил бол эмэгтэйчүүдийн эмнэлэг орж ерөндөг ба найдвартай хамгаалалт тавиулах ажил боллоо. Харин банкны өр тэглэгдэж  энэ байр манайх гэж бардам хэлэх үед манай хоёр 40 хол гарч 50 дөхсөн байх юм.

Баахан будаа зүүний үзүүр лүү  асгахад ганц нь л  тогтохтой   адил  завшаан тохиолоор олддог гэх  хүүхэд гаргах боломж  ийн нэгэн хосын хувьд байрны барьцаанд хаагдлаа.15 жилийн дотор юу болж өнгөрч хожим 50 дөхсөн эхнэр, нөхөр хоёр хэнз хүүхэд гаргахыг зориглох эсэхийг бид таашгүй . .Яг ийм ирээдүй руу алхаж  байгаа залуу гэр бүлийн талаар тоо судалгаа харья гэж байтал ашгүй  Ерөнхийлөгч нэгтгээд гаргаад иржээ.

... Хүн төрлөө гэж бодъё. Таван сартай жирэмснээс эхлээд 12 сарын хугацаанд 40 мянган төгрөг авч байгаа. Энийг бид дэмжих хэрэгтэй. 20-40 насны хооронд байгаа төрөх насны ээжүүдийг маш сайн дэмжмээр байна. Монголчууд бид олуулаа болмоор байна. Нэг тоо хараад гайхлаа сая. Монголын нийт өрхийг аваад үзсэн чинь 70 хувь нь хүүхэдтэй өрх байна. 30 хувийнх нь хүүхдүүд том болоод тусгаарлачихсан бололтой. 70 хувийг нь 100 хувь гээд аваад үзсэн чинь 80 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Миний аав, ээж шиг найман хүүхэдтэй айл хаана байна вэ? 10-15 хувь нь 3- 4 хүүхэдтэй байна. 5- 6 хүүхэдтэй нь нийт өрхийн хоёрхон хувь болж байна. Нөгөө олуулаа болох монголчууд маань яав аа? Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг биз дээ. Бидний бодлого хаана байна аа. Улсынхаа ирээдүйг бодъё гэвэл бид хүүхдээсээ эхэлж бодох хэрэгтэй. Хоёр нас хүртэл хүүхдээ харж байгаа ээжүүдийн ажлыг хөдөлмөр эрхлэлт гэж үзэх ёстой. Тэр ээжүүдэд тэтгэмж өгөх ёстой.  / МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалт дээр хэлсэн үгээс 2013,05,04 /

                  Тиймээ энэ  Ерөндөг-өө  хурдан аваа Ерөнхийлөгч өө

...20 жилийн дараа хүүгээ амьдралд  үдчихсэн, хоёр өрөө байрандаа  хоёулахнаа  өргүй, гэхдээ гэр цэлмээх хүүхдийн инээдгүй  шомбойн суух бий дээ манай нөгөө хоёр.

Ганц хүүхэд  төрүүлэхэд нь   сар бүр цалинтай нь тэнцэх мөнгийг жил зургаан сард  нь  ээжүүддээ  өгчих  л дөө .  Тэр байтугай мөнгө олигархууд авлигачдын  гэрт  сейфэнд, гадаад дотоодын дансанд нь   хэвтэж л байна, бүр зарим нь  мөнгөө  хогийн цэг дээр хаячихсан нь олдож л  байна шүү дээ  Ерөнхий сайд аа ...

                     Олуулаа сайхаан .... Шөл нь ч амттай ... Ерөнхийлөгч  мэднэ дээ....

.

                                Ц.Баярхүү

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ