Тамхичдыг 50 мянга биш, талаар нь торгодог арга дэлгэрчээ

Хууль баталсан эрхмүүд өөрсдөө зөрчсөөр байна. Энэ л харамсалтай. Тамхины хяналтын тухай шинэчилсэн хууль хэрэгжсэн нь юутай ч гудамж, талбайд тамхи зууж явагсдыг үгүй болгов. Албан байгууллага, олон нийтийн газар ч овоо эмх, цэгцтэй болжээ. Ширээнийхээ ард тамхилж суудаг эрх тушаалтнууд ч цөөрөх шинжтэй. Ингэх нь сайн хэрэг.
Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч буй гэгчээр Төрийн хуулийг дагаж, мөрдсөндөө биш юм. Монголчуудын хэлдгээр “Ялихгүй юмнаас ямааны гарз” гэдэг л болж байх шиг байна. Энэ нь иргэдийн бодол билээ. Хууль сахиулагчид нь болохоор “Тэртээ тэргүй тавин мянгаар торгуулчих бэлтэй тамхичин манайд цөөн. Тэгээд ч ширхэг янжуур асаасны төлөө тавин мянгыг нэхээд байх ч хаашаа юм.
Тэгсхийгээд даруулгатайхан шиг байвал ингэсхийгээд ажиглаад байж байя. Анхнаасаа буруу болчихсон юмыг араас нь залруулж амжих биш дээ. Уг нь тамхичнийг 5000, албан тушаалтныг тавин мянган төгрөгөөр торгоно гэчихсэн бол амар байж” хэмээлдэн сууна. Иргэд, хууль сахиулагчид ийм бодолтой алцаганацгааж байгаа юм.
Гэхдээ л хууль хэрэгжиж байгаа болохоор алдаа, эндэл гарч арга хэмжээ авалгүй яахав. Боломжийн цөөн хүнийг тавин мянган төгрөгөөр торгосон юм билээ. Нийт тоог нь мэдэхгүйгээ Мэргэжлийн хяналтын газрын байцаагч хэлэв. Тэгээд ч тэдний бэлтгэгдсэн гэх 200 гаруйхан байцаагч сая гаруй хүнтэй хотод хүрч ажиллаж чадахгүй нь ойлгомжтой.
Цагдаа нараар хүч нэмсэн ч хүрэлцэхгүй байгааг ярилаа. Цагдаа гэснээс тэд харин хуулийг мушгин гуйвуулагчид болжээ гэхэд хилсдэхгүй мэт. Бичигчийн ажсанаар Гурав, дөрөвдүгээр хороололд орших “Tse” гэдэг бааранд тэд отолт хийдэг юм билээ. Бүр энгийн хувцастай суухыг нь яана.
Тэнд архидаж, наргиж буй иргэд харуулаас нь “Хаана тамхилж болох вэ?” гэхэд, “гадаа” гэдэг юм байна. Харуул зөвшөөрсөн тул үүдэнд нь тамхиа татангуут өнөө энгийн хувцастай цагдаа нар гарч ирээд “амрыг эрдэг” ажээ. “Зөвшөөрөлгүй газар тамхилсан тул торгоно доо . Тасалбар аваад тавин мянгаар торгуулах уу, тасалбаргүйгээр талаар нь торгуулахуу гэх болзол тулгадаг юм байна. Иргэд мэдээж хоёр дахийг нь сонгож таарна. Тэр мөнгө чухам хаана очдог юм бол? Халаасанд нь л орж таарах байхдаа. Тамхичдыг торгодог ийм арга дэлгэрчээ. Тийм ч сайн юм биш байх аа.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ