Цэргийн албанд татагдсан 4 хүн тутмын нэг нь дээд боловсролтой байжээ


Энэ сарын 1-5-нд улс орон даяар цэрэг татах ажил өрнөсөн бөгөөд Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуусын 91.4 хувь нь цэргийн албанд тэнцжээ. Цэргийн жинхэнэ алба хаагаагүй, 26 хүрсэн залуусын хувьд дүйцүүлэх албаны мөнгөн торгууль төлдөг бөгөөд энэ төлбөр жил болгон нэмэгддэг байна. Тодруулж хэлбэл, өнгөрсөн онд 3.4 сая төгрөг байсан дүйцүүлэх албаны төлбөр энэ жил 3.7 сая болж өсчээ. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэлэхдээ “18-25 насны залуусыг цэргийн албанд татаж, зарлан дуудах хуудас хүргүүлдэг. 26 нас хүрсэн залуус дүйцүүлэх албаны мөнгө төлдөг бөгөөд тодруулбал, 1987 онд төрсөн залуус энэ мөнгийг төлдөг юм. Дүйцүүлэх албаны мөнгийг жил болгон шинэчлэн тогтоодог. Энэ жил 3.7 сая төгрөг болсон. Иргэд дүйцүүлэх албаны мөнгийг бүгдийг нь төлнө гэж ойлгоод байдаг. Уг нь тухайн хүн хэдэн удаа, ямар асуудлаар хаалгаж байснаас хамаараад мөнгөн дүн нь багасдаг. Найман жилийн хугацаанд жил бүр бүртгүүлж байсан бол тухайн жилд төлөх ёстой мөнгөн дүнгийнхээ 14 хувийг нь төлөх жишээтэй. Иймд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн бол цаг тухайд нь бүртгүүлэх хэрэгтэй” гэлээ. Сонирхуулахад энэ жил цэргийн албанд татагдсан иргэдийн 27 хувь нь буюу дөрвөн хүний нэг нь дээд боловсролтой байжээ.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ