Хаврын шувууд ханиад тээсээр, хэдэн зуугаараа үхсээр, Хятадын нутгаас айсуй

Монголд зусдаг усны шувууд Хятадын нутгаар дайрдаг нь туйлын аюултай, гамшигт үзэгдэл болов. Дундговийн Хулд сумын нутагт хар галуу саяхан олноороо үхсэнийг шинжлэхэд ашгүй тэд өндөр хүчдэлд цохиулсан байжээ.

Урьхан хаврын намуун шөнөөр

Уулсын цаанаас шувууд ирлээ

Онгон талын цагаан нууранд

Ододтой ханьсан дуулж хонолоо гэж бид дуулах дуртай. Тэгвэл тэнд буюу Хятадын нутагт шувууны гэх H7N9 вирусаар үүсдэг ханиад гарч, 130 орчим тохиолдол бүртгэгдэн, гучаад нь нас барсан эмгэнэлт явдал тохиолоо. Эрчүүдэд илүү халтай гэх эл эмгэгээр бүх насныхан өвчилж, өдөр ирэх бүр газар авсаар байна. Энэ янзаар бол цар тахлын хэмжээнд хүрэхийг ч ДЭМБ үгүйсгэсэнгүй.  Тэд “Уг өвчин маш хүнд явцтай. Хэрэв өргөн хүрээ хамарвал дэгдэлт нь нэн аюултай болно. Вирусын халдвар хүрээлэн буй орчинд ямарч саадгүйгээр эргэлдэх бөгөөд төдөн чинээн гай тарина. Хүнээс хүнд халдахыг ч үгүйсгэхгүй” гэжээ. Өвчин ханиалгаар эхэлж, богино хугацаанд өндөр халуурч, амьсгалын замын дутагдалд хүргэн хурдан үхүүлэх магадлалтай ажээ. Хүн төрөлхтний түүхэнд олныг хамарсан ханиадны цөөнгүй тохиолдол бүртгэгдсэний ганцыг жишээ болгоход хангалттай байх. Тухайлбал, 1918-1919 онд гарсан “Испани” тодотголтой томуугаар дөчөөд сая хүн амиа алдсан гэх тооцоо бий. Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдэгсдийн тооноос ч хол давсан үзүүлэлт гэдэг юм билээ. Энэ нь зөвхөн Испанид дэлгэрсэн гэх. Саяхны буюу 2009-2010 онд түгсэн гахайн ханиадаар 300 мянга орчим хүн нас баржээ. Анагаах ухаан эрс хөгжсөн өнөө үед ийм тооны хүнээ алдана гэдэг ямар аюултай үзэгдэл болох нь маргашгүй юм. Дэлхийд жилд улирлын чанартай өвчнөөр тэрбум орчим хүн өвчилдөг гэсэн нь угтаа ханиад, томуу билээ. Манай орныг зорьсон нүүдлийн шувууд Хятадын Шар, Хөх мөрөнд амрангаа, замын нуур, голуудад үдлэн барин ирдгийг шувуу судлаачид ярилаа. Тэгж явахдаа халдвар авахгүй гэх баталгаа байхгүй нь мэдээж. Тэгэх аваас бидэнд жинхэнэ лай ланчиг, гай гамшиг чирч ирнэ.  Бид бэлтгэл муутайн дээр хамгаалах арга хомс, халдлаа гэхэд оношлох лаборатори нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу, тэр талдаа маруухан улс шүү дээ. Бас эмнэлэг, эм, тариа маань ч тийм найдвартай бус гэхээр айдас төрөхгүй байхын аргагүй юм. Гэхдээ айлгах үүднээс биш, сэрэмжлүүлэх үүднээс бичсэнийг минь болгооно уу. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг биз дээ. Санал бодлоо сольцгоож л байя. Илүүдэх юм биш дээ. Хаврын шувууд ханиад тээсээр, хэдэн зуугаараа гээгдсээр, Хятадын нутгаас айсуй.

Г.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ