Ц.Оюунгэрэл сайд аа, баатруудын дурсгалаа устгах уу?

Түүхээ мэдэхгүй бол төөрсөн сармагчин мэт
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Та Батаарын үнэт олдворыг эх оронд нь эргүүлэн залж, Лениний музейг ард түмний мэдэлд буцаан авсанд талархаж буйгаа илэрхийлье.
Харин одоо Ти Батаар үлэг гүрвэлийн олдвороо эх оронд нь залсан шиг баатруудынхаа гэгээн дурсгалыг хамгаалан хүндэтгэх үүрэг Таныг хүлээж байна. Ойрадын цэрэг Манжийн илт давуу хүчтэй тулалдан, Монгол туургатны тусгаар байдлыг сахин тэмцэлдсэн Тэрэлжийн Зуунмод хэмээх түүхт газар элсний аж ахуйн ухсан нүхтэй хамт устгагдаж буйтай холбогдуулан дараах гурван асуултыг илгээж байна.
1. Монгол цэргийн түүх элсэнд дарагдах ёстой юу?
Цонжин Болдогийн цогцолборын наахна орших Тэрэлжийн Зуунмод хэмээх газарт 1696 онд Галдан Бошогт хааны 30 мянган цэрэг Манжийн давуу хүчтэй амь хайргүй тулалдсаныг Та мэдэх үү? Ану хатан, цөст баатар эрс амиа өргөснийг Та түүхээс уншсан болов уу? Харвасан сумных нь зэв одоо ч гарсаар байгаа энэ ариун газрыг төнхөхийн хэрээр түүх булшлагдсаар байна. Францад Ватерлоо, Орост Бородиногийн түүхт тулаан болсон газраа ухаж устгадаг болов уу?

2. Өвөг дээдсийнхээ ясаар байшин барьсаар байх уу?
Өнөөгийн бидний тусгаар тогтнолын төлөө цусаа асгаруулсан газар шороондоо шингэсэн өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлэх нь монгол хүний ёс журам мөн үү? Үеийн үед энэ ариун газар шороог замчин хэмээх сахиул айлууд хамгаалан, өмнөх нийгэмд ч нууцаар харж хандан, жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-нд тахиж тайсаар байдгийг Та дуулсан уу? Одоо цагийн төрийн сайд эмэгтэй Та өмнөх үеийн төрийн хатны алтан амиа зориулсан түүхийг судалдаг уу?

3. Аялал, амралтын бүс аж ахуйн талбайтай хаяа залгах нь зөв үү?
Тэрэлжийн Зуунмод нь Цонжин Болдог цогцолбор, дорно зүг харан буй Чингис хаан, түмэн хишигтний хөшөөтэй хаяа залган оршдог. Амралт зугаалга, аялал жуулчлал, түүх дурсгалын бүс нутагтай элсний карьерууд зэрэгцэн, хатан Туулыг ширгээсэн хар нүх онгойлгосоор байх нь зөв үү?

Жич: Тэрэлжийн Зуунмодыг хамгаалах талаар С.Оюун сайдад мөн асуулт тавьсан бөгөөд тусгай ажлын хэсэг томилсонд гүн талархал илэрхийлье. Төрийн хатан Анугийн залгамж халаа тасраагүй юм байна.
Ц.Оюунгэрэл сайд аа, Та заавал хариулаарай!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ