Тираннозавр батаар буюу “Монгол баатар” олуулаа ирнэ

Тираннозавр батаар төрөлх нутагтаа ирэхэд бэлэн болов

Уржигдар Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд 70 сая жилийн тэртээ Монголын говьд амьдарч байсан аварга үлэг гүрвэл Тираннозавр батаарын араг ясыг манай Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өглөө. Учир нь хууль бус наймаачдын буруу гараар орсон энэ үнэт олдворын араас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар Тираннозавр батаар эх орондоо буцах хоёр улсын хамтын ажиллагааны үүд нээгдсэн юм.

Уг ёслолын ажиллагаанд уригдсан Нью-Йорк хотын прокурор П.Бхарара, Монголын нутгаас хулгайлагдсан үлэг гүрвэлийн араг ясыг Нью-Йоркийн дуудлага худалдаанд нэг сая гаруй ам.доллараар зарахыг завдсан юм. Гэвч бараг жилийн өмнө эхэлсэн бидний хүчин чармайлт, хамтын ажиллагааны ачаар Монголын ард түмний энэхүү үнэт олдворыг эргүүлэн өгөхдөө бахархалтай байна. Мэдээж энэ нь ганцхан сая ам.доллараар тогтохгүй үнэ цэнэтэй түүхэн гайхамшигт олдвор билээ гэв. Энэ бол манай хоёр орны хооронд дипломат түвшинд, хууль зүйн хүрээнд болон түүхийн олдворын талаар амжилттай хамтран ажилласан анхны тохиолдол болж байгаа юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ, би өөрийн улсын Ерөнхийлөгчийг төлөөлөн энэ хүндтэй арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирлээ. Монгол Улсын ард түмэн болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийн өмнөөс бүх хүнд маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ өдөр зөвхөн Тарбозаврыг буцаан өгөх баяр бус, шүүх байгууллага хүчтэй, шударга ажиллаж байгаагийн баярыг бас тэмдэглэж байна. Би жилийн өмнөхөн Монголын палеонтологичдын багийн хамтНью-Йорк хотноо ирж, дуудлага худалдаагаар орсон Ти-Батаарыг анх харж, анхны хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Тэгвэл одоо бид дэлхий дахинд алдагдсан соёлын үнэт өв, дурсгалуудыг хууль ёсны дагуу эргүүлэнавах боломжийг харуулж чадлаа. Бид шударгаар хамтран ажиллаж чадвал бүх л худал хуурмаг, хууль бус зүйлсийг сөрж чадна гэдгийгхарууллаа. Ингэснээрээ олон улсад ч сайн үлгэр дууриал үзүүллээ гэсэн юм.

Мөн төлөөлөгч Франклиний, өнгөрсөн онд энэ хэргийг дөнгөж эхэлж байхад ганцхан жилийн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх гэж бодож байлаа. Гэтэл шуурхай хөөцөлдсөний эцэст түүх, соёлын ховор олдворыг маш богино хугацаанд хууль ёсны дагуу хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна гэсэн нь уг хамтын ажиллагааны эрч хүч, ач холбогдол, үнэ цэнийг илтгэнэ. АНУ-ын хууль маш шударга үйлчилж, Монголын талаас ч хүсэлт шаардлагаа зүй ёсны дагуу шуурхай тавьснаар өнөөдрийн үр дүнд хүрэхэд өмгөөлөгч Роберт Пэйнтэрийн үүрэг юу юунаас илүү чухал байсан юм. Тэр үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байсныг таслан зогсоож, гурван удаагийн шүүх хуралд оролцон бүхий л ажиллагааг хууль журмын дагуу гүйцэтгэжээ.

Ийнхүү Тиранннозавр батаарын араг ясыг хүлээлгэн өгөх баримт бичигт Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан нар гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тираннозавр батаарыг Монголд хүлээлгэн өгөх хүртэлх ажилд хүчин чармайлт гарган ажилласан өмгөөлөгч Роберт Пэйнтер, Канадын иргэн, доктор профессор Ж.Карри, Нью-Йорк хотын прокурор П.Бхарара нарыг “Алтан гадас” одон, бусад найман хүнийг “Найрамдал” медалиар шагнав.

Тираннозавр батаар гэж чухам юу вэ

Tyrannosaurus bataar буюу Тиранозаврус батаар (Тарбозавр)-ыг монголчууд Тираннозавр батаар нэрээр андахгүй болжээ. Энэ бол зургаан метрийн өндөртэй үлэг гүрвэлийн гар болон хүзүүний яс нь дутуу цэвэрлээгүй араг яс юм. Зөвхөн Монголоос олддог Тарбозавр батаар бөгөөд гарынх нь яс л жижиг байдаг. Хүзүүний яснууд нь түгээмэл олддог учраас дутууг нь нөхөж болох юм байна. Тираннозавр батаарын хамгийн үнэ цэнэтэй хэсгүүд болох гавал, сээр нуруу, сүүл, хойд хөлний яс нь бүтнээрээ тул нэн ховор, хосгүй үнэтэй цуглуулгад тооцогдоно. Ийм хэмжээний араг яс олон улсын дуудлага худалдаанд сая доллар элбэг хүрдэг байна. Тираннозавр батаар наснаасаа хамааран өөр өөр урттай байдаг аж. Ийм аварга биет махан идэштэн өөр улсын нутгаас олддоггүй учир Монголын аль ч музейд хамгийн брэнд үзмэр болно. Түүний урт зургаан метр тул залуу үлэг гүрвэл байх магадлалтай гэнэ.

Түүх сөхвөл 1920-оод онд АНУ-ын Рой Чапман Эндрюсийн экспедиц анх Монголоос үлэг гүрвэлийн өндөг олсноор энэ аварга амьтан өндөглөдөг байжээ гэсэн нээлтийг шинжлэх ухаанд хийжээ. Түүнээс хойш Хятад, Энэтхэг, АНУ, Африк, Европын зарим орноос ийм өндөг олдсон байна. Монголоос олдсон өндгүүд чулуужуулсан шавраасаа шалтгаалан олон янзын өнгөтэй байдаг агаад ямар үлэг гүрвэлийнх гэдгээсээ хамаарч өөр өөр хэлбэртэй байдаг. Өндөгнүүд байгаль дээр яг нэг үүрнээс олдоогүй ч гэсэн ойр ойрхон амьдарч байсан нэг төрлийн үлэг гүрвэлийнх гэдэг нь зайлшгүй юм. Аль ч музейд өндгийг үүртэй нь байрлуулахад хамгийн үнэ цэнэтэй үзмэрийн тоонд зүй ёсоор ордог байна.

Оросын нэгэн сайтад тэмдэглэснээр, Тиранозавр бол манай дэлхий дээр амьдарч байсан хамгийн том араатан амьтан. Түүний өндөр таван метр, урт нь 10 метр агаад 10 тонн жинтэй. Тиранозаврын бүтэн метр урт эрүү аманд хутга мэт хурц хэдэн зуун шүд ярзайж байдаг. Хурц шүдээрээ аварга зааны гэдсийг хүү татаж, хамар дээрээ эвэртэй хирсийг өөрийн үүр уурхайдаа өлхөн чирж аваачдаг. Бас хойд хөл дээрээ маш хурдан гүйнэ. Тиранозаврын тавхайн урт 76 см, өргөн нь түүнээс ч илүү бараг 80 см-т хүрнэ. Энэ аварга хөлөөрөө дөрвөн метр урт алхдаг гээд бодчих. Тиранозаврыг гарч ирэхэд манай гаригийн эртний амьтад бүгдээрээ дагжин чичирдэг байсан гэжээ.

Тираннозавр батаар олуулаа ирнэ

2012 оны сүүлчээр Тиранозавр батаарыг дуудлага худалдаагаар зарахаар завдсан хэрэгт буруутгагдсан үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопид холбогдох хэргийн шүүх хурал болсон. Түүнд 17 жилийн хорих ял оноож магадгүй байсан ч ялыг эцэслэн шийдэх хугацааг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулж, батлан даалтад гаргасан билээ. Учир нь Эрик Прокопитой ял тохиролцох явцад түүний хамтрагч Английн иргэн Кристофер Моор өөрийн эзэмшилд байгаа үлэг гүрвэлүүдийг Монголын талд бүрэн хүлээлгэн өгөх санал гаргасан юм.

АНУ-ын Нью-Йорк хотын өмнөд дүүргийн прокурорын энэ оны тавдугаар сарын нэгний өдрийн ялын тохиролцоогоорКристофер Моороос нэр бүхий 17 багц олдворыг Монгол Улсад шилжүүлэн өгөхөөр болоод байна.

Эдгээрийн дотор гурван ширхэг жижиг гүрвэлийн цэвэрлээгүй, чулуужсан араг яс онцгой сонирхол татна. Магадгүй шинжлэх ухааны шинэ мэдээлэл агуулж байх магадлалтай үнэ цэнэтэй олдвор хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхийд нь жижиг үлэг гүрвэлийг гүрвэл гэх боловч дэлхийд алдартай жижиг үлэг гүрвэлүүд олон байдаг аж. Тэдгээрийн нэг нь Монголоос хараахан олдоогүй ч Хятадаас олдож шуугиан тариадбайгаа өдтэй гүрвэлүүд юм байна. Түүнийг шувууны анхдагч зүйл байсан гэдгээрээ шинжлэх ухааны хамгийн сонирхолтой олдворт тооцогдоно. Иймээс Тираннозавр батаарын хамт Монголд хөл төвих энэхүү гурван жижиг гүрвэлийг манай эрдэмтэд судалж, ямар зүйл болохыг нь тогтоохыг дэлхий нийт хүлээж байна. Аливаа олдвор нэг дороос олуулаа олдоход заавал онц чухал мэдээлэл агуулдаг ач холбогдолтой. Тиймээс эдгээр араг яс нэг дороос олдсон бол нэн чухал үнэт олдворт тооцогдох нь дамжиггүй.

Мөн нэг ширхэг боловсруулаагүй, маш жижиг динозаврын хэсэг нь олон төрлийн, тодорхойгүй динозаврын яснууд болон хэсгүүдээс бүрдэж байна. Мэдээж цэвэрлээгүй, танигдаагүй үлэг гүрвэл учраас чухал мэдээлэл агуулсан байхыг үгүйсгэхийн аргагүй. Ерөнхий палеонтологич М.Болорцэцэг Тарбозавр батаарыг хүлээн авах ёслол дээр“Тарбозавр батаарыг Монголд авчирснаар бид үлэг гүрвэлийн музейтэй болж, залуу үеийн сонирхлыг татан, палентологичдын шинэ давалгаа бий болно” гэж бахдалтайгаар хэлсэн юм.

АНУ-аас соёлын үнэт өвүүдийг гарал үүслийнх нь дагуу эх оронд нь буцааж буйгаас Батаар нь 6600 дахь соёлын өв болж байна. Хамгийн сүүлд бид Франц, Египетээс алдагдсан эд зүйл, Иракийн дайны дараа алдагдсан Саддам Хуссейны эд зүйлсийг нутагт нь буцаажээ.

Тираннозавр батаар эхлээд их жанжны талбайд морилно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 18-ныг Монгол батаарын өдөр болгон тэмдэглэх зарлиг гаргасан. Тираннозавр батаарын араг ясыг үүний өмнө эх оронд нь авчрахаартөлөвлөсөн боловч баглаж боох зэрэг техник ажиллагаанд наад зах нь хоёр долоо хоног зарцуулах учраас амжихгүй болжээ.

Тиймээс Монголын нэрийн хуудас болсон Тираннозавр батаарыг эхлээд нийслэлийн төв жанжин Д.Сүхбаатарын талбайд байрлуулж, ирэх зургадугаар сарын нэгэнд Эх үрсийн баярын өдрөөр олны хүртээл болгох юм байна. Уг нь хуучин Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын шийдвэр гарсан боловч МАН манай өмчлөлд байдаг хэмээн цааргалсаар өдий хүргэжээ. Социализмын үед Зөвлөлтийн ард түмний тусламжаар Монголын ард түмэнд бэлэг болгон барьж өгсөн музейн зориулалтын энэ барилга яагаадМАН-ын гарт орсон, тус намын өмч мөн үү, биш үү гэдгийг ялгаж салгах шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөө маргаашгүй болох гэж байна. Гэхдээ л Триннозавр Батаар бол Монголын үлэг гүрвэлийн музейн анхны үзмэр байх болно. Тэр бол харьд очоод Монголдоо эргэн ирж буй анхны соёлын үнэт олдвор билээ.

Дэлхийн олон орны хүмүүсийн сайн санааны үр шимийг хүртсэн Ти Батаарыг БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани Монголд үнэ төлбөргүй тээвэрлэн хүргэж өгөх болсон. Тээвэрлэлтийн ажлыгтүүх соёлын өвийг тээвэрлэдэг туршлагатай “Туушин” компани хариуцаж, “Бодь интернэшнл” компани даатгалыг нь хариуцах юм байна.

Тираннозавр батаарын хулгайн наймаа яаж баригдсан бэ

Тираннозавр батаарын араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж буйг анх Монголын палеонтологич М.Болорцэцэг мэдэгдсэн юм. Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн араг ясанд нэг сая ам.доллар төлөхөөр зэхсэн хүн бол Манхаттений үл хөдлөх хөрөнгийн худалдаачин, хуульч Колеман Бёрк ажээ. Түүний хувьд “Би мэргэжлийн бус хүн” гэж хэлсэн нь хэтэрхий даруухан тодорхойлолт байлаа. Учир нь арван жилийн өмнө Бёркийн багийнхан Аргентинаас үлэг гүрвэлийн нэгэн шинэ төрөл зүйл олж илрүүлсэн ньхамгийн эртний махчин үлэг гүрвэлийн нэгд тооцогджээ. Хожим түүнийг Бёркийн нэрийг оролцуулан “Orkoraptor burkei” хэмээн нэрлэсэн гэдэг.

70 настай Бёрк хэдийгээр цөөнгүй үлэг гүрвэл олж илрүүлсэн ч аль нь ч өөрийнх нь өмч болж үлдэж байсангүй. Тэр өнгөрсөн оны тавдугаар сард нэгэн өдөр тутмын сониноос удахгүй болох дуудлага худалдаагаар Тарбозавр батаар нэртэй Монголоос олдсон үлэг гүрвэлийн араг ясыг үнэ хаялцуулах гэж байгаа тухай мэдээлэл уншжээ. Бёрк үлэг гүрвэлийн зургийг хармагц хаанаас авчирсныг нь ч анзааралгүй худалдаж авахаар шийдэж, танил шинжээчдээрээ араг ясыг нэг бүрчлэн шалгуулахад 75-80 хувь нь бүрэн байсан тул үнийн саналаа явуулжээ. Гэсэн ч тэр Тарбозавр батаарыг авах аз дутсан юм.

Тираннозавр батаарын араг ясыг Нью-Йоркийн дуудлага худалдаанд үнэ хаялцуулан зарах гэж байсан хэргийн гол эзэн бол АНУ-ын иргэн, палеонтологич Эрик Прокопи юм. Тэр Монголд хэзээ ч очиж байгаагүй хэмээн мэлзэж байсан ч гаалийн мэдүүлэг, зочид буудлын баримт зэргээс харахад 2008, 2011 онд Монголд очоод буцсан нь тодорхой болжээ. Эрик Прокопийг Монголд байхад хөтчөөр ажиллаж байсан хүний хувийн компьютероос нь 2008 онд Япон дахь үлэг гүрвэлийн ясны наймаачинтай харилцаж байсан и-мэйл олджээ. Түүнд Велокирапторын толгой 40 мянга, Тарбозавр батаарын толгой 40 мянга, сарвуу 5000 ам.доллар гэхчлэн бичсэн байж. Дараа нь түүнийг хүлээн авагч Батт гэгч нь хөтчид 37600 ам.доллар шилжүүлсэн нь үлэг гүрвэлийн ясыг хил давуулахад оролцсон хүн бол Японд амьдардаг Холлис Батт гэх хүн яах аргагүй мөн гэдгийг батална. Батт үлэг гүрвэлийн ясыг Японд хүлээж аваад Монголоос ирсэн гэх шошгыг нь Япон болгон өөрчлөн Их Британи руу явуулсан байжээ. Үүнээс цааших мэдээлэл одоогоор нууц байгаа бөгөөд Эрик Прокопи ч хэргийн тухай үнэн мэдээллийг өгөөгүй байгаа. Шүүгч эцсийн шатны шүүх хурлыг түр хойшлуулаад байна.

Эрик Прокопи Тарбозавр батаарт “Ту” хэмээх хоч өгсөн. Харин одоо Тираннозавр батаарыг дэлхий нийтээрээ “Монгол баатар” хэмээн дуурсацгаах болно. Тэр бол улам бүр даяаршиж буй ертөнцөд Монголын содон нэрийн хуудас, энх цагт ялан дийлэхийн нэгэн баталгаа, монгол газар шорооны үнэ цэнийн илэрхийлэл болж, өв соёлоо харийнханд алддаг бус өмгөөлж, хамгаалж авчирч чаддаг шинэ эрин цагийн гэрч юм.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ