Тайландад хөл хорио тогтоолоо

Тайланд улсын нийт нутаг дэвсгэрт оройн 22 цагаас өглөөний 05 цаг хүртэл хөл хорих цаг үйлчилж байна. Тус орны засгийн эрх цэргийнхний гарт шилжсэн тавдугаар сарын 22-ны пүрэв гаригт ийм шийдвэр гаргасныг хэвлэлд мэдээлжээ. Хэрэв хөл хорио тогтоосон цагаар гудамжинд саатуулагдвал цэргийн хуулиар шийтгэх аж.
“Эмх замбараагүй явдал гарч, цус урсахаас сэрэмжлэх зорилгоор энэхүү тушаалаар Тайландын нийт нутагт 22.00 цагаас 05.00 цаг хүртэл хөл хорьж байна. Хөл хорих цагийг тодорхойгүй хугацаагаар тогтоож байгаа бөгөөд дэг журам, амгалан тайван байдал тогтохын хэрээр цуцлах болно” гэж Тайландын армийн командлагч генерал Прают Чан-Оча телевизээр үг хэлэхдээ зарлажээ.
Тайландын арми түр засгийн газрыг түлхэн унагааж, цэргийн эргэлт хийснээр засгийн эрхийг хяналтдаа авсан байна. Тус орны цэргийн командлагч Прают Чан-Оча сөрөг хүчний удирдагчидтай уулзжээ. Цаашид хэлэлцээ хийх нь утгагүй учир бүх оролцогчийг баривчлахыг уулзалтын дараа генерал тушаасан байна.Үүнээс хойш хэдхэн минутын дараа тэр улс үндэстэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ,засгийн эрх цэргийнхэнд шилжсэн тухай зарлажээ. Цэргийнхэн зэвсэгт хүчний телевиз-радиогийн албанаас бусад тус орны бүх телевизийн сувгаар нэвтрүүлэг явуулахыг хориглосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ