Б.Тулга: Эрчим хүчний хөгжлийн гарц нь төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаа юм

“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпорациас зохион байгуулж буй энэ хуралд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон,Франц, Тайланд, Герман,Их Британи зэрэг 13 орны төлөөлөгч, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Хурлаар эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн 6 асуудлыг хөндөж ярилцах юм.
Уг хуралд БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга оролцож ногоон хөгжил, ногоон эдийн засгийн зорилго, зорилтын талаар үг хэлсэн юм. Тэрбээр,”… Монгол Улсад байгалийн нөөцийн үр ашигтай зарцуулалт, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, байгаль орчинд ээлтэй, технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийн тогтолцоог бий болгох нь хөгжлийн тулгуур зорилтуудын нэг болоод байна. Монгол Улсын ногоон хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой салбарын нэг бол эрчим хүчний салбар юм.
Манай улс өнөөдөр нийт эрчим хүчний 90 гаруй хувийг нүүрс шатааж, ихээхэн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулан үйлдвэрлэж байгаа нь байгаль орчинд халтай хүрэн эрчим хүч гэж үзэж болох юм. Бид хөгжлийн бодлогодоо ногоон эрчим хүч болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах зэрэг нь ногоон хөгжлийн чухал зорилтууд болж байна.
Монгол Улсад өнөөдөр нийт эрчим хүчний 5-7 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа тоо баримт байна.Манай орон салхи, нарны эрчим хүчний асар их нөөцтэй болохыг эрдэмтэд тооцоолсон билээ. Өнгөрсөн онд 50 мвт хүчин чадал бүхий салхин цахилгаан станц ашиглалтанд орсон нь сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд томоохон ахиц дэвшил авч ирлээ. Түүнчлэн хэд хэдэн салхин цахилгаан станцын төслийн саналууд боловсруулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нар, салхи, усны эрчим хүчний тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа. Ер нь Монголын эрчим хүчний салбарын хөгжлийн гарц нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр ашигтай хамтын ажиллагаа гэж үзэж байна…” гэв.
“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал нь салбарын бодлого чиглэлийг танилцуулж, тулгамдсан асуудлаа ярилцан, харилцан туршлага солилцох боломж олгож байгаагаараа онцлог болж байна.
Хурлын үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил, Дулааны цахилгаан станц барихаар төлөвлөгдсөн Хэнтий, Төв, Архангай, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа. Эрчим хүчний салбарын олон улсын хурал энэ сарын 24 -нд өндөрлөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ