Изинис Эйрвэйзийн нислэгийн чиглэлийг бусад нь хариуцаж авав

Орон нутгийн дөрвөн чиглэлд нислэг үйлддэг байсан Изинис Эйрвэйз компани энэ сарын 22-оос эхлэн тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоолоо. Үйл ажиллагаагаа зогсоох болсон гол шалтгаан нь онгоцны түлш өндөр үнэтэй, зорчигчдийн тоо эрс буурсантай холбоотойгоор санхүүгийн хямралд орсонтой холбоотой юм байна.
Изинис Эйрвэйз компани нь орон нутгийн Улаангом, Баян-Өлгий, Мөрөн, Дорнодын чиглэлд нийслэг үйлдэхээс гадна захиалгат нислэг үйлддэг байсан юм. Тухайн компаниар ихэвчлэн гадаадын иргэд үйлчлүүлдэг байсан. Үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг 19-ний шөнө гаргасан байна. Агаараар хүн тээвэрлэдэг учраас ажилчдын сэтгэл санааг хямраахгүйн тулд гэнэт мэдэгджээ. 21-ний өглөө холбогдох Зам тээврийн яаманд толгой компани болох Ньюкомын төлөөлөл биечлэн очиж уулзсан байна.
Тухайн компани хариуцан нислэг үйлддэг байсан чиглэлүүдийг бусад гурван компанид хуваан өгч нийслэг үйлдүүлж эхэлсэн. Харин нийслэгийн билетээ захиалсан зарим иргэд билетээ буцааж мөнгөө авч эхэлжээ. Үүсээд байгаа нөхцөл байдалд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн бөгөөд бусад компаниудад чиглэлүүдийг хуваарилан өгч 2-3 нийслэгийг нэмж гаргахаар төлөвлөж байна. Изинис Эйрвэйз компаниас одоогоор үйл ажиллагаагаа зогсоолоо гэсэн албан бичиг ирүүлээгүй байна.
Манай улс онгоцны түлшээ зөвхөн ОХУ-аас оруулж ирдэг бөгөөд Мэргэ ван гэх Орос Монголын хамтарсан компани л дангаараа түлш нийлүүлдэг. 1 тонн түлш 2 сая 600 мянга гаруй төгрөг байдаг. Энэ мэт нэг улс нэг компаниас түлшний хараат байгаа нь нийт агаарын тээврийн компаниудыг алдагдалтай ажиллахад хүргээд байгааг Изинисийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ