“Дахивар” гэж юу вэ

Өнгөрсөн сард манайд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долоодугаар бага хурал болж өнгөрсөн. Энэ хурлыг угтаж Нийслэл хот маань ч нэлээд өнгө засч, сайхан болсон. Сайшаалтай явдал шүү. Муугаар ярих юм бол өмнө нь хот хогийн сав, суух сандал ч үгүй өдий хүрсэн. Хэлээд л байдаг, яриад л байдаг тэрийг тоож ажил хэрэг болгодог, хөрөнгө мөнгө босгодог ч үгүй байлаа. Хүмүүс “За нэг хэдэн сандал, хогийн сав хийхэд тийм л их хөрөнгө мөнгө шаарддаг юм байх, хэдэн жилийн дараа  хогийн сайхан савтай болох биз” гэж ярьдаг болоод байв. Гэтэл хэдхэн хоногийн дотор хотоор дүүрэн хогийн аятайхан сав, модон сандлууд ярайтал тавиад ирэнгүүт зарим нэг хүн бараг цочих шиг болсон байх. Их ч баярласан. Тийм болохоор энэ хэдэн саваа цаашид хайрлаж тордох шаардлага тулгараад байна. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн О.Оджаргалтай ярилцлаа.

 -Энэ жил хичнээн хогийн сав гадуур байрлуулав?

-Хаврын тохижилтын хүрээнд нийт 1215 ширхэг хогийн сав тавилаа. Эдгээр хогийн сав, сандлыг нийтийн эзэмшлийн зам талбай болон байгууллага, аж ахуй нэгжүүдийн урд тавьсан.

-Хогийн саван дээр энгийн, дахивар гэсэн үг бичсэн байна лээ. Тайлбарлаач?

-Энэ жилийн хогийн саван дээр  Монгол болон латин бичгээр энгийн болон дахивар гэж бичсэн байгаа. Энгийн гэсэн хэсэгт нь ашиглах боломжгүй хог хаягдлыг, дахивар гэдэгт нь хоёрдогч түүхий эд буюу дахин боловсруулах хог хаягдал хийх зориулалттай.

-Яагаад дахивар гэж нэрлэсэн юм бол?

-Бид тэрийг сайн мэдэхгүй. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас ингэж нэрших нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Дахин ашиглагдах хог хаягдал гэж олон үг хэлж байхаар дахивар гэхээр ашиглагдах боломжтой хог хаягдал юм байна гэж ойлгох хэрэгтэй.

-Хогийн савнуудаа хаанаас авчирсан бэ?

-Хогийн савуудыг хийхдээ үндэсний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажилласан. Алийн болгон гаднаас нийлүүлэх вэ дээ. Ямар ч байсан тохижилтийн ажил маш богино хугацаанд хийгдлээ.

-Одоо хогийн саваа арчлах, эвдрэл гэмтлийг нь хянах хэрэгтэй байх. Үүнийг хэн хариуцаж ажиллах вэ?

-Хогийн савыг дүүргүүдэд хүлээлгэж өгөх ажил үндсэндээ дууссан. Нийтийн эзэмшлийн зам талбайд 50-100 метрийн зайд хогийн сав, сандлын хослолыг байрлууллаа. Энэ бүхнийг дүүрэг болгон хариуцаж аваад өөрийн өмчид бүртгэсэн байгаа. Арчилгаа тордолгооны асуудлыг дүүргийн Тохижилт үйлчилгээний компани болон дүүргийн хот тохижилтийн хэсэг хариуцан ажиллана даа.

-Нийт хичнээн төгрөгөөр энэ ажлыг хийсэн бэ?

-300 сая төгрөг Нийслэлийн төсвөөс гаргасан юм билээ.

-Цаашид сандал, хогийн саваа нэмэх төлөвлөгөө байгаа юу?

-Жилд 1000 гаруй сандал нийтийн эзэмшлийн зам талбай дээр байрлуулдаг. Дараа жил ч гэсэн шаардлагатай гэсэн газрууддаа байрлуулж л таарна байх.

 Дахивар гэдэг үгийн талаарх ойлголт иргэдэд хомс байна гэсэн мэдээллийн дагуу түүнийг хэрэглэх нь зүйтэй юу гэдгийг тодруулахаар МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг, Алтай судлалын тэнхмийн багш, ШУ-ны доктор Ш. Чоймаатай уулзлаа.

 -Гадуур байрлуулсан хогийн саван дээр дахивар гэдэг үг бичих нь зүйтэй юу?

-Монгол хэлний үг бүтээх ёсны зүй тогтлын дагуу аль ч хэлэнд шинэ үг бүтээж болдог. Үйлээс нэр үг үүсгэдэг вар, вэр гэсэн дагавар бий. Залгавар гэдэг шиг дахиж  байгаа зүйлийг дахивар гэж болно. Гол нь монгол хэлний үг бүтээх загварыг л эвдээгүй бол шинэ үг хэллэг, нэр томъёо үүсгэж болно. Харин ч эх хэл баяжихын зөв үндэс мөн.

-Хүмүүс энэ үгийг төдийлөн ойлгохгүй байх шиг байна?

-Ойлгохгүй байж болно. Яваандаа ойлгоно. Унтраалга гэдгийг гэрэл унтрааж асаадаг гэсэн утгатайг хүн бүр мэднэ. Тэрэнтэй адилхан энэ үгийг ч гэсэн ингэж ойлгож хэвших хэрэгтэй. Энд хэвлэл мэдээллийнхний үүрэг харин их шүү.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ