Шинэ тамагочи хүүхдэд ээлтэй

18 жилийн тэртээ бүтээгдсэнээр тамагочи гэдэг наадгай цахим зугаа цэнгэл, технологийн ертөнцөд нэг ёсны хувьсгал хийсэн билээ. Тэр цагаас хойш энэ тоглоом 80 гаруй сая ширхэгээр худалдаалагдсан бөгөөд цахим төхөөрөмжүүдийн зах зээлд түүний үзүүлсэн нөлөөллийг үнэлэх аргагүй юм. Шинжээчид энэ тоглоом ийм их амжилт олсныг орчин үеийн хүмүүний ганцаардалтай холбон тайлбарласан аж. Ийнхүү тамагочи хүмүүс хоорондын харилцааг орлон хайр дурлал, анхаарал халамжийн объект болсон байна.

Японы Bandai компанийн үйлдвэрлэж байгаа Tamagotchi Friends гэдэг нэртэй шинэ тамагочи бодит харилцааг орлох бус харин түүнийг өдөөхөд зориулагджээ. Тоглоомын bump гэдэг шинэ үйлдэл үүнийг хийнэ. Энэ үйлдэл богино зайд утасгүй холбоог үүсгэх бөгөөд зэргэлдээ байгаа хоёр төхөөрөмжид мэдээллээ солилцох боломжийг олгодог аж. Хэрэв хоёр тамагочиг ойртуулбал нэгэн дээр нь байгаа дүрс алга болж, нөгөө дээр нь гарч ирнэ. Энэ үйлдэл мэдээлэл болон хийсвэр бэлэг сэлтийг солилцох боломжийг мөн олгоно.

Шинэ төрлийн тамагочиг бүтээгчид энэ технологийг дөвийлгөж өгөхөөр шийджээ. Учир нь, чухам энэ технологи л тэдний үзэж байгаагаар хүүхдүүдийг цахим харилцаанд бус харин амьд харилцаанд сэдэлжүүлж өгдөг байна. Хоёр тамагочигийн нөхөрлөл удахгүй тэдний эздийн нөхөрлөл болж мэдэх юм. Тоглоомон дотор 24 баатар байх бөгөөд тус бүр нь өөр өөрийн гэсэн зан араншинтай аж. Насанд хүрсэн тамагочинууд гэр бүл зохион, хүүхэдтэй болох боломжтой. Хэрэв энэ цахим амьтныг асран хамгаалахгүй бол тэр өөрийн төрөлх гариг руу нисч одох болно. Харин тоглоомыг шинэ баатартайгаар үргэлжлүүлэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ