С.Баярцогтын гурван найзыг хэн болохыг тогтоохыг хүслээ

УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаад улсын банкинд нууц данс илэрсэнтэй холбогдуулан Төрийн бус байгууллагууд түүнийг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Энэ талаар өнөөдөр Төрийн бус байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

Тэд “С.Баярцогт нь Швейцар улсын банкинд хадгалуулаад мартсан гэх нэг сая долларын талаар олон улсын сэтгүүлчид мэдээлсэн. Энэ тухайгаа С.Баярцогт гишүүн ч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хэд хоногийн дараа энэхүү долларынхаа тоог зөрүүтэй хэлж, монголын 2.8 сая иргэдийг басамжлан доромжилсон. Мөн ХБНГУ руу яарч сандран зорчиж, Монгол улсын хуулийг удаа дараа зөрчсөн. Жил жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдээлдэг нь эрүүгийн хэрэг мөн. Тиймээс түүнийг найман үндэслэлээр шалгуулахаар АТГ-т хүсэлт хүргүүлсэн” гэлээ.

Уг хүсэлтэд, “Швейцар улсын банкинд хэдэн он, сард гадаадад данс нээлгэсэн, гадаад данстай холбогдох гурван найз нь аль улсын хэн гэгч иргэд болох, дансанд орсон гарсан гүйлгээнүүдийг хэдэн оны, хэдэн сард хаанаас хаашаа хийгдэж байсныг нотлох, дансанд орж байсан мөнгөний эх үүсвэрийг тодорхой баримтаар гаргаж өгөх, хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг яагаад санаатайгаар худал мэдээлсэн эсэх, өөр аль улсад хөрөнгөтэй болох, яагаад Монгол улсыг Хятадын монгол болгосон, мөн С.Баярцогтын хаягийн тодорхойлолт зөв эсэхийг тогтоолгох хүсэлтээ байна” гэжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ