Хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа улам өргөжүүлнэ

Өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн манай улсын онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоног төрийн өндөрлөгүүд гадаадад айлчлал хийсэн долоо хоног байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний уулзалтад оролцсон нь бүс нутгийн геополитикийн бодлогод идэвхтэй оролцох, хөрш орнуудтайгаа найрсаг, хамтын ажиллагаагаар харилцаагаа өргөжүүлэхэд томоохон алхам болсон юм.

Ерөнхийлөгч энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны уулзалт хийж хамтдаа өглөөний цай уусан ба дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцлож байлаа. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл хойд хөршийн тэргүүн В.Путин манай ерөнхийлөгчтэй уулзахдаа төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлтийн талаар ярилцаж харилцан бие биеэ эх орондоо айлчлахыг урилаа.

Ийнхүү Ерөнхийлөгч өмнөд хөршид олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцоод эх орондоо ирэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордсон. Ерөнхий сайд ОХУ-ын Санкт-Петрбург хотод зохион байгуулагдаж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзсан юм.

Тэгвэл дотоодод улстөрийн үйл явдал арвин байв. УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг огцруулах тухай саналаа УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ. Төгрөгийн үнэгүйдлээс болж эдийн засгийн хямрал үүсэж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа учраас Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрох нь зүйтэй гэж гишүүд үзжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 38 нь буюу 66.7 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдлаа.

Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар санал хураалт явуулж гишүүдийн олонх нь дэмжиж, энэ хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр болов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 19,960.8 сая төгрөгөөр, нийт зарлага 18,543.7 сая төгрөгөөр өөрчлөгдөж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,417.1 сая төгрөгөөр сайжирсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,903.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,312.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 408.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.99 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байгааг хуулийн төслийн тухай танилцуулгад дурджээ.

Өнгөрч буй долоо хоногт олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал болсон нь орон нутгийн нислэгийн үйл ажиллагааг эрхэлдэг "Изинис эйрвэйз" компани үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн явдал юм. Мэдэгдэлд “Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоож байна” гэсэн байна.

Тус компаниас мэдэгдэл гаргасныхаа маргааш буюу өнгөрсөн баасан гарагт тасалбар захиалсан байсан 1800-аад үйлчлүүлэгчийнхээ тасалбарын мөнгийг буцаан олголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ