Их хэмжээний алт үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлэхээр завджээ

БНСУ-аас их хэмжээний алт үнэт эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан хэрэг гарчээ.  Хэрэг өнгөрсөн сарын 28-ны өдөр БНСУ-аас ирсэн КЕ-867 нислэгийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Э нь их хэмжээний алт, монетон эдлэл буюу нийт 513 ширхэг /нийт жин 2341,7 гр/ алт, монетон эдлэлийг татваргүй барааны шошго бүхий уутанд жигнэмэгийн төмөр хайрцаг, эрэгтэй хүний гоо сайхны бэлдмэл зэрэгт хийн, хар цаасанд ороож гаалийн хяналтаас нуун далдлан хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ.

Тухайн барааг үнэт металлын сорьц тогтоох лабораторид илгээн шинжилгээ хийлгэхэд үүнээс 45 ш /498,8 гр/ нь алтан эдлэл, 468ш /1842,8 гр/ нь монетон эдлэл болохыг тогтоожээ. Зөрчилд холбогдсон барааны дүн нь 85 800 000 /наян таван сая найман зуун мянган/ төгрөг болно.
Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар болжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ