Хулгайд алдагдсан бурхдыг оллоо

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Эрдэнэзуу музейн 300-гийн хийдийн зүүн талын хийдээс долоон бурхан алдагдсан хэрэг гарсан. Хулгайд алдагдсан бурхад 18 дугаар зууны дунд үеийн тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Мөрдөн байцаалтын явцад алдагдсан бурхдын үнэлгээг хийхэд 100 гаруй сая төгрөг болсон байна. Бурхдын хувьд Дуйнхор, Чүгдэрнамжил, Майдар, Манзушир зэрэг алт, зэсэн цутгамал бурхад байжээ. Тэгвэл музейгээс алдагдсан долоон ширхэг бурхныг олсон гэх мэдээлэл байна.
Үүнийг тус аймгийн Цагдаагийн газрынхан баталж буй бөгөөд “Хэрэг мөрдөн байцаах шатанд яваа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгөөд буй юм. Одоогоос хоёр жилийн өмнө “Эрдэнэзуу” хийдээс дөрвөн алтан бурхан, алтан шармал 17 бурхныг 22 хуурамч бурхнаар сольсон хэрэг гарч байсан.
Хэргийг хийдийн нярав Ю.Баяраа, С.Энхтайван нар үйлдэж байсан юм. Тиймээс шүүхээс тэдэнд 3-5 жилийн хорих ял оноож байсан түүхтэй. Тэгэхээр энэ хэргийг мөн дотроосоо үйлдсэн байж болзошгүй гэсэн таамаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ