Сумдаа хөгжүүлэхгүй улстөрчдөө баяжуулах уу

Одоогоос хэдэн жилийн өмнө хөдөөг хөгжүүлэх “Шинэ сум” төслийн талаар ярьж байхад иргэд итгэх нь бүү хэл бас л нэг төсвийн мөнгө саах улстөрийн тоглоом хэмээн ойлгож байв. Тэгвэл энэ төсөл сонгуулийн шоу, худал амлалт, хэн нэгний бизнес байгаагүй гэдгийг хөдөөх сумдын иргэд эхнээсээ ойлгоод эхэлжээ.
Монгол Улсын 330 гаруй сумын ихэнх нь 100 насны босгонд тулж, нэгдэлжих хөдөлгөөний давалгаан дор орос ах нарын барьж байгуулсан сумын төвүүд нурсан балгас мэт болох нь холгүй. Нийслэл рүү орон нутгийн иргэдийн цуваа тасрахгүй байна хэмээн тухтай орон сууцанд заларсан нийслэлийнхэн байнга ярьж бичдэг мөртлөө тэдгээр ад үзсэн иргэдийнхээ амьдрах орчин, адаглаад л сумын төвийг нь хөгжүүлээд өгчих бодол байгаагүй нь саяхан. Харин "Шинэ сум" төслийн ачаар зуун дамнаж ирсэн галлагаатай хүйтэн эмнэлэгт төрж, сургуулийн хүүхдүүд бээрсэн гараараа арай ядан хичээлээ хийдэг үе ард үлдэх нь. Үүний нэг жишээ болж Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын шинэ төв үүдээ нээгээд байгаа.
Гэтэл хийхээсээ хэлж ярих зүйлгүй улстөрчид ядаж байхад олон юмаа. Тэд бүтээн байгуулалтын энэ их ажлыг хар "пи ар"-аар утаж, унагахыг хүсдэг бололтой. УИХ-ын гишүүд хүртэл ард түмнээсээ сонгогдсоноо мартчихаад ард түмэндээ зориулж барьж бүтээж байгаагаа шүүмжилж сууна. Жишээ нь өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Шинэ сум төсөл гээд нэг юм байх юм. Тэр сум гэдэг юманд чинь би насаараа амьдарсан хүн л дээ. Тэнд энэ ямар нөхцөл байдалтай байдгийг би гадарлана, шал дэмий юманд мөнгөө зарцуулаад байна" хэмээжээ. Ц.Нямдорж гишүүний төрж өссөн, насаараа амьдарсан сумын иргэд нь гишүүнийхээ үгийг сонсоод ямар их бухимдсан бол.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Шинэ сум төслийн эсрэг хар PR хийж байгаа тохиолдол их байна. Хамгийн түрүүнд үр дүнг нь үзсэн нутгийн иргэдийн хувьд энэ төслийг сурталчлах, бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэх ажлыг орон нутгаа хийх хэрэгтэй байна. Ингэхгүй бол уг төсөл нэлээд эсэргүүцэлтэй тулгарах нь. Саяхан нэг байгууллага “80 мянган хүний дунд судалгаа явуулахад Шинэ сум төслийг судалгаанд оролцогчдын олонхи нь дэмжсэнгүй” гээд мэдээ гаргачихсан байна лээ. Үүнийг би худлаа мэдээлэл гэж үзэж байгаа.
Иргэд битгий хэл орон нутгаас сонгогдсон гишүүд ч дэмжихгүй байх юм. Энэ төслийн ач тусыг олон нийтэд ойлгуулахгүйгээр хөдөөг хөгжүүлнэ, цаашлаад улсаа хөгжүүлнэ, нийслэлийн асуудлыг шийднэ гэж байхгүй” гэсэн юм.
Сумын тамгын газар, 650 хүүхдийн сургууль, 180 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 20 ортой хоёр давхар эмнэлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт заалны иж бүрэн цогцолбор тэнд босчээ. Сумын иргэд ч өглөө босох бүртээ зуун жил дөхсөн, нурмайсан, өнгө дарсан хэдэн барилгаа харахгүй, ажиллаж амьдрах итгэл, хүсэл мөрөөдөлд нь нэг л өөр зүйл шивнээд байгааг анзаарч байгаа. УИХ-ын дарга З.Энхболд “Монголчууд найман зууны тоосонд дарагдсан Хархорумаас хойш ийм том бүтээн байгуулалтыг гардан хийсэнгүй. Ихэнх суурин газар хотыг оросууд дангаараа барьж өгсөн. Гэтэл өнөөдөр хоёр том орчин цагийн хот сүндэрлэснийг бид бүхэн харж байна.
Дөрвөн жил бариад дуусахгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг царцаасан объектууд дотор хэд байгаа билээ дээ. Гэтэл аравхан сарын дотор хөдөө орон нутагт ийм том бүтээн байгуулалт хийж болохыг харуулж чадлаа. УИХ, Засгийн газар энэ 2014 онд 16 сумын төвийн дэд бүтэц, инженерийн шугам, сүлжээг барьж байгуулахаар 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээг баталсныг дурдах нь зүйтэй” гэдгийг хэлсэн.
“Хөл дөрөөнд, гар ганзаганд хүрэнгүүт хот руу зүглэж зугтах шаардлагагүй болсон. Ах дүү, гэр бүл найз нөхөд сургууль ажил төрөл гээд хайртай бүхэн минь суманд минь бий. Хотод сурч боловсроод нутаг орондоо эргэн ирж орон нутгийнхаа хөгжилд өөрийн чадах бүхнээ зориулж сайхан амьдрахаар зорилго өвөртлөх залуус цаашдаа олон болоосой. Шинэ сум ч энэ бүхнийг даллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн залуус ярьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ