Европын сүүлчийн коммунист удирдагч нас нөгчжээ

Коммунизмын дараах Польшийн анхны ерөнхийлөгч Войцех Ярузельский тавдугаар сарын 25-нд Варшавын цэргийн эмнэлгийн мэдрэлийн тасагт 91 настайдаа нас барсныг ”Wiadomosci” сонинд мэдээлжээ. Түүнийг нүд анихад охин Моникадэргэд нь байсан байна.
Сүүлийн жилүүдэд Ярузельский хүндээр өвчилж байжээ. 2011 онд уушигны хатгалгаа авсны дараа түүнийг хавдартай болсон байж магадгүй хэмээн сэжиглэж байсан юм. Түүнээс хойш биеийн байдал нь байнга дорджээ. Хоёр долоо хоногийн өмнө тэр харвалт өгсөн юм.
Войцех Ярукельский 1923 оны долдугаар сарын 6-нд Курав тосгонд тариачны гэр бүлд төржээ. Тэднийхийг Литвад нүүж ирсэн 1939 оныг хүртэд хувийн гимназид сурч байсан байна. Балти орчмын нутгийг ЗСБНХУ-д нэгтгэсний дараа 1941 онд тэдний гэр бүлийг Сибирь рүү албадан нүүлгэжээ.
1943 онд Ярузельский ЗСБНХУ-ын нутагт эмхлэн байгуулсан Тадеуш Костюкогийн нэрэмжит польшийн 1 дүгээр явган цэргийн дивизид орсон байна. Тэр жил Ярузельский Рязанийн явган цэргийн сургууль төгссөн байжээ. Висла мөрөн, Магнушевын түшиц газарт цэргийн ажиллагаанд оролцож, Варшавыг чөлөөлөхөд, Балтийн эрэг, Одер, Эльба мөрөнд болсон тулалдаанд оролцож байжээ.
1948 оноос Ярузельский Польшийн ажилчны нэгдсэн намын гишүүн болсон байна. Варшавын гэрээний цэргийг Чехословакт оруулах ажиллагаанд оролцсоны дараа 1969 онд Польшийн Батлан хамгаалах яамны сайд болжээ.
1981 онд БНПАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга болсон байна. Өөрийнх нь эрх мэдлийг булаан авах боломжийг сөрөг хүчинд олгохгүйн тулд мөн оны арванхоёрдугаар сард тус оронд дайны цагийн байдал тогтоосон юм. 1989 оны долоодугаар сард Польшийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. 1990 онд тус оронд парламентын олон намын сонгууль явуулахыг зөвшөөрч, сонгуулийн дүнд засгийн эрхийг Лех Валенсад шилжүүлсэн юм.
Төрийн тэргүүн байхдаа явуулсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхээр коммунизмын дараах Польшид Ярукельскийг удаа дараа хэрэгт татах гэсэн боловч, энэ бүхэн амжилттай болоогүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ