Ардчилсан хүчний холбоо хүүхдүүдийг баярлууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан албан байгууллага, аж ахуй нэгжүүд ажилтан албан хаагчдынхаа энхрий хөөрхөн хүүхэд багачуудыг баярлуулдаг уламжлалтай билээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын ах эгч нарынх нь зүгээс Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор”-ийн 98 хүүхэд багачуудыг баярлуулж гарын бэлэг өглөө.

Харин тус төвийн авьяаслаг хүүхдүүдээс бүрдсэн “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийн сурагчид хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгөч ах эгч нартаа зориулан өөрсдийн үндэсний урлагийн тоглолтоосоо сонирхуулан бэлэг барьсан юм.

Энэхүү баярт мөчийг нь хамтдаа хуваалцсан “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Энхсайхан: “Манай холбооны гишүүдийн дийлэнх олонхийг нь залуучууд эзэлдэг. Тэр ч утгаараа бид залуучууд болон хүүхдүүд рүү хандсан нийгмийн олон талт сайн үйлсийн аян, ажлуудыг анх байгуулагдсан цаг үеэсээ эхлэн хийж ирсэн уламжлалтай.

Тэрхүү уламжлалынхаа дагуу өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийн баярыг угтан бид 98 хүүхдэд сэтгэлийн дэм өгч, баярлуулж байна. Учир нь бидний ирээдүй болсон эдгээр олон хүүхэд, залуучууд дундаас улс орны бахархал болсон салбар салбарын манлайлагч нар төрөөсэй гэж бид хүсэн энэхүү баярыг бид өнөөдөр хамтдаа хуваалцаж байна.

Цаашид ч тус цогцолборын хүүхдүүдийг хөгжүүлэх олон талт чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг үйлдсэн байгаа” гэлээ.

Дашрамд өгүүлэхэд тус цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан хоёр багшийн хамт энэ сарын 28-нд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын яамны урилгаар Герман улсад 45 хоногийн аялан тоглолд хийж, үндэсний соёл урлагаа таниулан сурталчлах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ