Хүний биеийн хэсгүүдээр хийдэг “этгээд” зүйлс
Эрт цагт хүний биеийн арьсаар ном хавтаслаж, түрийвч, гутал, бөмбөр зэргийг хийдэг байсан гэдэг. Харин өнөө цагт арьсаас гадна үс, шүд, өөх зэргээс нүдний шил, шатахуун, үр тогтоох эм гэхчилэнгийн санаанд оромгүй зүйлсийг гаргах болжээ.
Үс: Нүдний шил
Дизайнер Азуса Мураками ба Александр Грувс нарын байгуулсан “Studio Swine” дизайн студи нь төрөл бүрийн этгээд бүтээл туурвидаг ажээ. Тэдний урласан бүтээлүүдээс хамгийн онцлог нь хүний жинхэнэ үсээр хийсэн нарны шилнүүд юм. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр үс нь хамгийн хэрэгцээгүй мөртлөө хамгийн ашигтай материал гэдгийг харуулсан энэхүү нарны шилнүүдийг сайн чанарын резинээр боож хүрээлэн хийжээ.
Шүд: Гарын чимэг зүүлт
Австралын гоёл чимэглэлийн “The Van Der Glas” брэнд нь хүний үс ба араа шүдээр сувенир, гоёл чимэглэлийн зүүлт урладаг бөгөөд чимэглэлийн эдгээр материалыг хүмүүс тэдэнд өгдөг байна. Энэхүү брэндийг өвөрмөц сэтгэлгээтэй уран бүтээлч Полли Ван Дер Глас үүсгэн байгуулсан ба 2007 оноос төрөл бүрийн этгээд чимэг зүүлт урлаж байгаа ажээ.
Цус: Урлагийн бүтээл
Цусаараа төрөл бүрийн урлагийн бүтээл туурвих сонирхолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн энэ цагт тэдний нэг төлөөлөл болох Марк Куиннийг танилцуулж байна. Их Британий уран бүтээлч тэрээр өөрийнхөө энэхүү дуураймал баримлыг 4.5 л цусаараа хийсэн ажээ.
Арьс: Арьсан эдлэл
Нэгдсэн Вант Улсын “Human Leather” гэдэг компани хүний арьсыг сайтар боловсруулж сайн чанарын арьс гарган авахын зэрэгцээ түүгээрээ түрийвч, тэлээ, гутал зэрэг хувцас загварын бүтээл урладаг юм байна. Ур сайтай дархчуудын бүтээсэн хүний арьсан түрийвч нь $14.000 ам.доллар орчим үнэтэй байдаг аж.
Ялгадас: Эмчилгээ
“Clostridium Difficile” хэмээх бактери нь антибиотикт тэсвэртэй шинэ бүлгийн нянг та бидний биед үүсгэдэг байна. Үхэлд хүргэх чадвартай энэ нян нь эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөс халдах нь түгээмэл ба нэгэнт өвчилсөн бол бусдын өтгөнийг шинжилж, цэвэрлэсний дүнд тухайн өвчтэй хүнд амаар эсвэл өгзгөөр өтгөнийг бүдүүн гэдсэнд оруулах эмчилгээг хийдэг байна. Энэ нь ходоод ба бүдүүн гэдсэнд байвал зохих хэрэгтэй нянг хэт их антибиотик хэрэглэж устгаснаас үүддэг ховор эмгэг ба бусдын өтгөнийг ийнхүү биедээ шингээснээр эргээд ходоод гэдэсний үйл ажиллагааг сэргэх, грамм эерэг нянгаа олж авахад түлхэц болдог байна.
Ген: Цэлцэгнүүр
Хятадын эрдэмтэд цэлцэгнүүр болон эмний капсулыг малын гаралтайгаар бус хүний ген болон хөрөнгөний найрлагаар бүтээх санааг олжээ. Желатин буюу царцмагийг үхэр болон гахайн яс ба арьсаар хийдэг бөгөөд энэ нь та биднийг үхрийн галзуу өвчинд нэрвэгдэх үндэс болж өгдөг тул арга буюу эрүүл мэндэд хэрэгтэй ийм нэгэн санааг олсон нь энэ юм байна. Одоогоор энэ нь туршилт ба судалгаа, шинжилгээний шатандаа яваа юм байна.
Шүлс: Амтат ундаа
Энэ нь Перугийн уламжлалт ундаа бөгөөд амтархан хүртдэг энэхүү ундаагаа шүлсээрээ нэрж гаргадаг байна. Ингэхдээ “Кассава” модны үндсийг зажилж шүлстэйгээ хольж нэрэх бөгөөд хэдхэн цагийн дараа чихэрлэг мөртлөө нясуун амттай зунгааралдсан цагаан өнгийн ундаа бэлэн болдог ажээ.
Шээс: Үр тогтоох эм
Анагаах ухаанд хүний шээсээр олон сонирхолтой бүтээгдэхүүнийг гарган авах болжээ. Үүний нэг бол нөхөн үржихүйн эрүүл мэндэд тустай буюу үргүйдлээс сэргийлэх, эрчүүдэд үрийн шингэний гарцыг сайжруулж үр тогтоох чадварт нөлөөлөх эм юм байна.
Өөх: Шатахуун
Шинэ Зеландын “Earthrace” гэдэг эко завь нь хүний биеийн илүүдэл өөхийг биодизель болгож хувиргасан түлшээр ажилладаг юм. Энэхүү завийг дэлхийг хамгийн богино хугацаанд тойрон аялж дээд амжилт тогтоох зорилгоор бүтээж байсан юм. Хүний биеийн өөхийг ашиглаж гарган авах шатахуун нь байгаль орчинд ээлтэй ажээ.
Шарил: Өнгө / Будаг 1848 оны үеийн Английн зураач, яруу найрагчдын бүлгийн хамгийн ихээр таашаадаг байсан хүрэн өнгийг занданшуулсан шарилаас гарган авдаг байжээ. Уран зурагт сүүдэр гаргахад үнэхээр гайхалтай тохирдог байсан энэ өнгийг XX зуунаас эхлэн “мумми”-наас гарган авахаа зогсоож орчин цагт шавар, өөхөн чулуу, гётит ба гематитийг хольж гарган авдаг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ