Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үзэсгэлэн гаргалаа

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 37000 орчим хүүхэд байгаагийн 7000 нь 10-19 насны буюу өсвөр насны хүүхдүүд байгаа юм. Ихэнх нь сургуульд хамрагддаггүй, гэр бүлийн харьцаанаас бусдаар нийгмийн харилцаанд оролцдоггүй эдгээр хүүхдүүд яг л үе тэнгийнхэн шигээ бие махбод ба сэтгэлийн өөрчлөлтөнд орж, хайр сэтгэлтэй анхлан учирч, “Би хэн бэ?”, “Би яах гэж ирсэн бэ?” гэх зэрэг асуултуудыг өөртөө болон бусдад тавьж эхэлдэг. Хөгжих хөдлөхөөр л дутуу болохоос хайрлах, хайрлуулах сэтгэл бүтэн энэ хүүхдүүдийн энэрлийн далайд дусал болсон “Солонгон бийр” төсөл урлангийнхаа 16 шилдэг зураачийн шилмэл бүтээлүүдээс толилуулж байна. Хүн бүр зүрхэндээ зураач байдаг. Сэтгэшгүй гайхамшигт өнгө гэрэл цацруулан сэтгэлээр зурагдаж байдаг тэр зургуудыг гараараа буулгах нь ямар хэцүү байдгийг жинхэнэ зураач л ойлгодог. Та бүхэн эдгээр хүүхдүүдийн бүтээлээс гэрэлт зүрхэнд амьдардаг хосгүй туурвилуудыг нь олж харна гэдэгт итгэж байна. Үзэсгэлэн Сөүлийн гудамжны төв “ХААН” Банкинд байрлах Монголын Урлагийн зөвлөлийн "Улаан гэр" галерейд болж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ