Урлагийнхны алтан гараа болсон “Venus” их наадам болно

Тайз, дэлгэц, соёл урлаг, сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн оюутан залуусын дунд хоёр жил тутам зохиогддог VENUS урлагийн их наадам энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болох гэж байна. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулиас зургаа дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байгаа уг наадам энэ жил “Монгол түүх, заншил” гэсэн уриатайгаар энэ сэдвийн дагуу явагдах юм. Уг наадам нь урлагийн чиглэлээр суралцдаг оюутнуудын мэргэжлийн ур чадвар, цаашдын чиг хандлагад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээл, уран санаа, авъяаслаг уран бүтээлчдийг тодруулах зорилготой бөгөөд урлагийн сургуулийн оюутнуудын хүсэн хүлээдэг томоохон наадмын нэг билээ. Д.Жигжидийн нэрэмжит Кино, урлагийн дээд сургуулиас зохион байгуулдаг энэхүү наадмын энэ удаагийн хамтран зохион байгуулагчаар “Хадгаламж банк”, “Капитал банк”, “Хаан суудал” ХХК, “Мон Хидро” ХХК, “Тесо” групп, “Тунамал үйлс” ХХК, НАМЗХ, МОХ, УДЭТ, “Маск” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, КУДС-ийг төгсөгчдийн холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ