Ноён уулыг Канад ноёдын аманд өгөх үү

Бороогийн алтны уурхайн нөөц дуусч, тус уурхайд үйл ажиллагаа явуулж байсан “Бороо гоулд” компани хийх ажилгүй болох дээрээ тулаад байгаа билээ. Гэвч тус компанийнхан Монголд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан.
Мөн саяхны Засгийн газрын нэгэн хуралдааны өмнөхөн тус компанийн удирдлагууд Ерөнхий сайдтай Төрийн ордонд уулзсан зэргээр үйл ажиллагаагаа нэлээн идэвхжүүлжээ. Учир нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хараа голын эрэг дээр орших Ноён ууланд “Бороо гоулд” компани алт ухахаар зэхэж байгаа гэнэ.
Бороогийн хөндийн алтыг ухаж дуусгаад Гацууртын алтны ордыг хоёр дахь алхмаа болгохоор санаархаж байсан ч төрөөс тус ордыг стратегийн ордод тооцохоор болж байгаа. Гэсэн ч Канадын хөрөнгө оруулалттай энэхүү компани харцаа Ноён уул руу хандуулсан хэвээр байгаа гэнэ.
Ноён уулнаа эртний Монголын өвөг дээдэс Хүннүгийн булш, бунхан элбэг гэдгийг Оросын болон олон улсын эрдэмтэд нотолсон газар. Гэтэл Ноён уулын бүх модыг тайрч огтлоод дуусахаас гадна уул тийш очих сайжруулсан замаа хүртэл тавьсан байна. Харин нутгийн иргэдийн тэмцэлтэй учирч магадгүй учраас үйл ажиллагаагаа шууд эхлэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Одоогоор Ноён ууланд 31,2 тонн алтны нөөцтэй орд байгаа гэх. Мөн үүнтэй зэрэгцэн Монголын эртний хаад, ноёдын 200 гаруй судлагдаагүй булш, бунхан байх магадлалтай гэж археологчид онцолж байгаа юм.
Яг ийм газар 31,2 тонны нөөцтэй алтны томоохон орд байгаа нь өмнөхөн нь нэг ордыг таван жилийн дотор цөлмөөд дуусгачихсан компанийн хувьд маш том олз болсон нь тодорхой.
Гэвч байгаль орчны төлөө тэмцэл хийдэг хүмүүс түүхийн дурсгалт Ноён уулыг аварч үлдэхийн төлөө тэмцэж байгаа, дээрээс нь Урт нэртэй хууль дөнгө болж байгаа учраас одоохондоо ухаад эхэлчихээгүй байгаа гэнэ.
Ямартай ч “Алтайргоулд” нэртэй компанийг өөрийн болгож, тус компаниар дамжуулан Гацууртын ордыг мэдэлдээ аваад байгаа “Бороо гоулд” нөхөн сэргээлтийг сайн хийдэг, татварыг ямар ч асуудалгүй төлдөг гэгчлэн олон түмний өмнө оноо авахыг хичээдэг билээ. Зарим хүмүүс ч тэдэнд талархдаг. Гэвч энэ удаа бол Монголын өвөг дээдсийн бунхан, дурсгалт газруудыг сүйтгүүлнэ гээд бодохоор хэн ч харсан дуугүй суух хэрэг биш болж таарч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ