Ө.Энхтөр: Авилгын улмаас он гарсаар 24.5 тэрбумын хохирол учраад байна

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс сүүлийн гурван жил мөрдөн байцаалтын шатанд ирж байгаа гэмт хэрэг мэдээлэл, түүнийг шалгасан ажлын дүн, мөн эдгээр гэмт хэрэгт холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага албан хаагчдаас ямархуу хэмжээний хүн шалгасан талаар асууж тодрууллаа.

-Сүүлийн гурван жилийг тус тусад нь аваад үзэхэд иргэдээс гомдол мэдээлэл хэр ирж байна?

-Сүүлийн гурван жилийн байдлаарАТГ-ын хэмжээнд гомдол, мэдээлэл 2012 онд 349, 2013 онд 427, 2014 оны эхний 5 сарын байдлаар 215 гомдол мэдээлэл ирж, шалгагдаж байгаа. Гомдол мэдээлэл ирж байгаа хэлбэр, хэмжээний хувьд аваад үзэхэд гомдол мэдээллийн цар хүрээ, хэмжээ өсөх хандлагатай байгаа.

-Хэргийн шийдвэрлэлтийн байдал?

-2012 оны байдлаар нийт ирсэн гомдол мэдээллийн 73-т нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. 2013 онд, 2014 оны эхний таван сарын байдлаар нийт ирсэн зөрчил гомдлын 40-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн шийдвэрлэлтийнх нь байдалтай танилцахад ямар, ямар албан тушаалтан хэрэгт татагдах нь их байна?

-2012 оны хувьд нутгийн захиргаа болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд холбогдсон гомдол мэдээлэл 93 ирж байсан бол 2013 онд 103 болж өссөн. 2014 оны эхний таван сарын байдлаар 59 гомдол мэдээлэл ирсэн. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамаарах нь 2012 онд 50, 2013 онд 72, 2014 оны хувьд 53 байна. Харин яамдын үйл ажиллагаатай холбоотой хэрэг 2012 онд 15, 2013 онд 23, энэ оны эхний таван сарын байдлаар 8 байна.

-Нийт гомдлын дийлэнх хувь нийслэлээс ирсэн үү?

-2012онд 29 хувь нь хөдөө орон нутгаас, үлдсэн хувь нь нийслэлээс ирсэн гомдлууд байгаа. Өнгөрсөн онд 40 хувь нь хөдөө орон нутгаас, 60 хувь нь нийслэлээс ирсэн. Ер нь сүүлийн үед хөдөө орон нутгаас ирж байгаа гомдол мэдээлэл өсөх чиг хандлагатай байгаа. Ялангуай нутгийн өөрөө удирдах болон тухайн сумдын засаг дарга, тамгын газрын ажилчидтай холбоотой гомдол өсөх чиг хандлагатай байгаа.

-Эрүүгийн хэргийн хэргийн тухайд?

-38 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байгаа. Сүүлийн гурван жилийн байдлаар албан тушаалын гэмт хэргээс төрийн болон иргэдэд хохирол их учирсан байгаа. Хохирлын дүнг танилцуулахад, 2012 онд 85 тэрбум төгрөгний хохирол, 2013 онд 38 тэрбум, 2014 оны эхний таван сарын байдлаар 24.5 тэрбум төгрөгний хохирол авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас учирсан байна гэсэн тоон мэдээ харагдаж байна.

-Эдгээр гэмт хэрэгт төрийн ямар албан тушаалтнууд холбогдож шалгагдаж байна вэ?

-2012 оны хувьд төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг 43 гарсан. 2013 онд 70 болж өссөн. Энэ оны эхний 5 сарын байдлаар 55 байгаа. Энэ хэргийн тоо сүүлийн үед өсөх чиг хандлагатай байна. Мөн төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг 2012 онд 24, 2013 онд 25, энэ оны байдлаар 17 бүртгэгдсэн. Тэгэхээр эдгээр гэмт хэргүүд хөдөө орон нутагт 90 хувьд нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт гардаг.

Ер нь баруун аймгуудаас төрийн албан тушаалтай холбоотой гомдол мэдээлэл нэлээд ирдэг. Үүнтэй холбогдож хөдөө орон нутагт мөрдөн байцаагчид томилолтоор явж газар дээр нь шалгадаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ