ШШГЕГ-ын албан хаагч их мөнгөтэй түрийвч олж эзэнд нь өгчээ

ШШГЕГ-ын алба хаагч 5 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны орчмоос 4200 доллар, 380000 төгрөгтэй нэгэн түрийвч олсон даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж өгсөн байна.
Удалгүй түрийвчний эзэн сандарсаар тус цагдаагийн хэлтэст очиход түрийвчийг нь хүлээлгэн өгсөн байхыг хараад ихэд гайхан баярлажээ. Түрийвчний эзэн “Хурд” хамтлагийн гитарчин Б.Наранбаатар түрийвчийг нь олж өгсөн ачтанд баярласнаа илэрхийлэхээр асууж сураглахад ШШГЕГ-ын алба хаагч Батзориг гэдэг залуу байсан байна.
Гитарчин Б.Наранбаатарын түрийвчинд хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж авах хандивын мөнгө байсан аж. Өнөө цагт ийм их хэмжээний мөнгө олоод эзэнд нь эргүүлж өгөх хүн байгаад баярламаар. Хамгийн гол нь тэр түрийвчтэй мөнгө шуналтай нэгний гарт орсон бол хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгөх боломжгүй болох байж.
Батзоригт Б.Наранбаатар болон “Хурд” хамтлагийнхан баярласнаа илэрхийлж өөрсдийн шилдэг дууны CD, алтан пянзаа өгч, тоглолтдоо урьж хүндэтгэлийн суудалд суулгахаа амласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ