Порошенко: Бид тусгаар тогтнолынхоо төлөө тулалдахад бэлэн

Украины ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон санал авсан Петр Порошенко тангараг өргөмөгцөө Европын холбоотой холбоо тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар амласныг хэвлэлд мэдээлж байна. Энэ хэлэлцээр нь Украиныг шинэчилэхэд тус дэм үзүүлж, ойрын үед авлигын эсрэг арга хэмжээ авч, багц шинэтгэл хийх боломж олгоно хэмээн тэр хэлжээ.
Миний Европын тал баримтладаг үзэл бодлыг дэмжсэн украинчууд удаан хүлээхгүй гэж тэр мэдэгдээд, “тиймээс эрх баригчид дээд зэргээр идэвхтэй ажиллах ёстой” гэж тэмдэглэсэн байна.
Европын удирдагчид өөрийнх нь энэ санаачлагыг бас дэмжинэ хэмээн Порошенко мэдэгджээ.
Өмнөх ерөнхийлөгч Виктор Янукович ЕХ-нд нэгдэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурахыг хүсээгүй нь 2013 оны арваннэгдүгээр сард Украины улс төрийн хямрал эхлэх нэг шалтгаан болсон юм. Олон иргэн ийм гэрээ байгуулахыг Европтой визгүй горим тогтоох арга хэмээн үзсэн билээ.
Порошенко германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. “Бид байдлыг зөөлрүүлж, энх амгалан байдал тогтоохын тулд Путинтэй хэлэлцээ хийнэ” гэж тэр хэлээд, гэхдээ “хэлэлцээ хаана, хэзээ болохыг хараахан шийдээгүй байна” гэжээ.
Гитлерийн эсрэг эвслийн цэрэг Нормандад буусны 70 жилийн ойн баяр ёслолын арга хэмжээнд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд урьсанд баяртай байгаагаа Порошенко илэрхийлсэн байна. Би ойрын үед бусад оронд ч айлчлахаар төлөвлөж байгаа гэж тэр онцлон тэмдэглэжээ. “Бид хэд хэдэн урилга хүлээн авсан. Гадаадын эхний айлчлалыг Польшид хийнэ” гэж тэр мэдээлсэн байна.
Порошенко лхагва гаригт Америкийн “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа Украинд АНУ-ын цэргийн шууд тусламж шаардлагатай байна гэж мэдэгджээ.
“Бид цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах шинэ гэрээ байгуулах (АНУ-тай) шаардлагатай, бидэнд цэргийн зөвлөхүүд шаардлагатай, бид тусгаар тогтнолынхоо төлөө тулалдахад бэлэн байна, бид Украины зэвсэгт хүчнийг шинээр байгуулах шаардлагатай” гэж Порошенко хэлсэн байна.
Оросын эсрэг Өрнөдийн авсан хориг арга хэмжээ “тийм ч хангалттай хүчтэй биш байна” хэмээн үзэж байгаагаа Порошенко илэрхийлснийг “Вашингтон пост” сонины өгүүлэлд дурджээ. Тэр Украины унаж доройтсон ядмаг армийг “явуут” өөрчилж, үүний зэрэгцээ аюулаас ангижрахыг тэр өөрийн эн тэргүүний зорилт болгон тавьж байна. Порошенко Украины зүүн нутаг дахь оросын нөлөөг ийм аюул хэмээн үзэж байгаа юм гэж өгүүлэлд цохон заажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ