Барьцаалагдсан охидоос дөрөв нь зугтаж аврагджээ

Өнгөрсөн сарын 14-нд Нигери улсын зүүн хойд хэсэгт болсон халдлагын улмаас Чибок ахлах сургуулийн 230 орчим эмэгтэй сурагч хулгайлагдсан юм. Халдлагын үеэр 15 охин бутанд нуугдаж, гэмт этгээдүүдийн гараас зугтаж чадсан ч өнөөдрийг хүртэл 200 гаруй охин гэртээ харьж чадаагүй байна.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 200 гаруй охиноос дөрөв нь зугтсан талаар Нигерийн сонинд нийтэлжээ. Гэхдээ зугтаж гэртээ харьсан гэх дөрвөн охины талаар Борно мужийн албаныханд ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй юм.

“Боко харам” бүлгийн удирдагч барьцаанд байгаа 50 охиноор Нигерийн шоронд хоригдож байгаа 100 хэт даврагч хоригдлоор солих санал хэлсэн ч Нигерийн албаныхан хэт даврагчидтай солилцоо хийхээс татгалзсан.

Хамгийн сүүлд Нигерийн армийн маршал Алех Бадех хэлэхдээ “Нигерийн арми юу хийж байгааг хэн ч мэдэх эрхгүй. Бид охидыг аврах нэрийдлээр үхэл рүү түлхэх алхам хийж болохгүй биз дээ? Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд охидын байршлыг мэдэж байгаа ч цэргийн нууц учир хэлэх боломж алга” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ