Лениний музейн барилгын дүгнэлт ирэх долоо хоногт гарна

МАН-ын эзэмшилд байсан В.И.Лениний музейн барилгыг шүүхээс төрийн өмч болохыг тогтоосон. Ингэснээр ТӨХ барилгыг энэ сарын 8-нд ССАЖЯ-ны харьяа Үлэг гүрвэлийн төв музейд эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм. Барилгыг хүлээн авсан музейнхэн засварын ажил хийж, зургадугаар сарын 1-нд хүүхдүүдэд бэлэг барина гэж байсан ч барилгын засварын ажил түр хугацаанд хойшлоод байна.
МАН Лениний музейн барилгыг ашиглаж байхдаа олон аж ахуй нэгж, компаниудтай гэрээ хийж, барилгыг түрээслэж байжээ. Тиймээс барилгад албан газар, ах ахуйн нэгжийн эд хөрөнгө хадгалагдаж байна. Байгууллагууд эд хөрөнгөө чөлөөлтөл барилгын засварын ажлыг түр хойшлуулах хүсэлтийг МАН-аас ССАЖЯ-нд гаргасан байна. Ингэснээр МАН болон ССАЖЯ-наас хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, энэхүү эд хөрөнгөний асуудлыг шийдэхээр болжээ.
МАН-аас Лениний музейн барилгыг бүр чөлөөлж өгсний дараа засварын ажлыг эхлүүлнэ. ССАЖЯ-наас Лениний музейн барилгад МХЕГ-аас улсын байцаагч томилон дүгнэлт гаргуулахаар хандаад байсан юм. МХЕГ-аас шалгалт хийж дүгнэлтийг ирэх долоо хоногт гаргахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ